БСШУС-ын сайд Ё. Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 09-10-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Ажиллах хугацаандаа салбарын зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын сайдын зочилсон анхны байгууллага нь Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэг байлаа.

Анх 2016 онд 150 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан тус цэцэрлэгт 2019-2020 оны хичээлийн жилд 6 бүлгийн 210 хүүхэд сурч хүмүүжиж байна. Ховд аймагт анх удаагаа STEAM сургалтыг боловсруулан цаасан урлалын сургалттай хослуулан явуулж байгаа тус цэцэрлэгийн 87,5 хувь нь 35-аас доош насны залуу багш нар байдаг учир ахмад туршлагатай багш нараас зөвлөн туслах үйлчилгээг авч хамтран ажилладаг нь сургалт хүмүүжийн үйл ажиллагаанд эерэг нөлөөг үзүүлж байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг онцолж байлаа.

Тус цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр хүүхдүүдийнхээ тоглоом наадгайг багш ажилчид, эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор 5,6 сая төгрөгийн санхүүжилтээр гадна болон анги танхимынхаа тоглоом наадгайг бий болгосон байна. Сургалтын хөтөлбөртөө мартагдаж буй Монголын уламжлалт тоглоом үүшүүрийг оруулж өгч хүүхэд багачууддаа уламжлуулан зааж сургаж байгаа нь бас нэгэн шинэлэг ажил болж чадсан байна. Шинэ зууны иргэдийг сурган хүмүүжүүлж байгаа учир Англи хэлний хичээлийг ч мөн сургалтын хөтөлбөртөө оруулж өгснөөр эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа гэлээ. 14 дүгээр цэцэрлэгийн хувьд тулгамдсан хэд хэдэн асуудал байгааг энэ үеэр салбарын сайдад уламжиллаа.

1978 онд цэцэрлэгийн зориулалтаар баригдаж байсан тус барилгын анги танхимын хүрэлцээ ачааллалаасаа ихэдсэн учир салбар цэцэрлэгийн асуудал чухал байгаа, хүүхдүүдийн гудас, хөнжил, дэвсээ углаа гээд зөөлөн эдлэлийн хүрэлцээ хангамж дутмаг, анги гадна орчны тоглоомын талбай анги танхимын тоглоом наадгайн хүрэлцээ хомс зэрэг асуудлуудыг сайдад уламжиллаа. Салбарын сайд хэлсэн үгэндээ цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомыг 2020 оны төсөвт оруулахаа мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ