Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт-зөвлөгөөн эхэллээ

  Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-ын байгууллагууд харилцан туршлага солилцох, уялдаа холбоотой ажиллах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор “Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын сургалт-зөвлөгөөн”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын удирдах ажилтан, төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Монголын Нутгийн удирдлагын холбооны төлөөлөл гээд 120 орчим хүн хамрагдаж байна.



Сургалт-зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд оролцож, Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ховд аймаг бүс нутагтаа эдийн засгийн өсөлт, хүний хөгжлөөр тэргүүлэхийг зорьж байна гэсэн юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудал чухал үүрэгтэйг албаныхан онцоллоо. Мөн цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үеийн хүүхэд, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар хүний хөгжил, бүсийн хөгжлийн төлөө хамтдаа нэгдэн ажиллахыг уриалсан юм.Энэ удаагийн сургалт-зөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Их хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн явц, үр дүнгийн талаар дүгнэн ярилцаж байна.



Үүнээс гадна Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ тус бүр үйл ажиллагааныхаа зорилт, үр дүн, сайн туршлагаас хуваалцаж, харилцан санал солилцож байгаагаараа онцлог байна. Энэхүү үйл ажиллагаа Баруун бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын урлаг, спортын наадмаар үргэлжилнэ.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)