Жаргалант сумын ЕБ-ын 7-р сургууль дотуур байр, урлагийн заал, спортын талбайн цогц бүтээн байгуулалттай болсон байна

  Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургууль нь 2011 онд ашиглалтанд орж байсан бол өдгөө 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд аймгийн төвөөс алслагдсан багууд болох Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн айл өрхүүдийн хүүхдүүдээс гадна хөдөөгийн сумдаас хүүхдүүд суралцдагаараа онцлог. Энэ ч утгаараа тус сургуулийн сурагчидийн ихэнх нь айлын хашаанд гэр барьж амьдардаг, хамаатны айлуудаа бараадсан тавиул хүүхдүүд байдаг учир тэднийг хараа хяналттай болгох, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сурлаганд нь анхаарах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирдаг болохоор сургуулийн захиргаанаас дотуур байртай болох асуудлыг олон жил ярьсны эцэст ийнхүү Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрыг шинээр ашиглалтанд оруулж байгаа нь энэ юм. Ингэснээр ЕБ-ын 7 дугаар сургууль нь Ховд аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгаа ЕБ-ын сургуулиудаас анхны дотуур байртай сургууль болж байна.





ЕБ-ын 7-р сургуулийн цогц бүтээн байгуулалтанд Урлаг соёлын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 150 хүүхдийн суудалтай “Урлагийн заал”, 1350 м.кв “Спортын талбай”-тай болж байна. Мөн 120 хүүхдийн багтаамжтай “Дотуур байр”-тай болсноор нийт сурагчдын 50-60 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн сумдын малчин өрхүүдийн хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж байна гэдгийг сургуулийн захирал Ц.Алтантунгалаг хэлж байна.





ЕБ-ын 12 жилийн 7-р сургуулийн хамт олон хүүхэд багачууддаа эрүүл энх, эрдэм мэдлэгтэй хүн болохыг хүсэн ерөөж “Сурагчдын хөшөө”-г бүтээн босгожээ. Ийнхүү хүүхэд бүрийн сурч хөгжих цогц орчинг бүрдүүлснээр сурагчид тав тухтай тохилог орчинд суралцаж, сурлагын амжилтаа ахиулаад зогсохгүй хүүхдэд ээлтэй орчинг бий болгож байгаагаараа давуу талтай юм.







Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)