“Ятгах тусам нягтал” аянд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдлээ

  Орон даяар өрөөд байгаа “Ятгах тусам нягтал” аянд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нэгдэн жагслаа. Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан нэгдсэн жагсаалд 6-н байгууллагын 500 гаруй албан хаагч оролцож иргэд олон нийтийг “Ятгах тусам нягтал” аянд нэгдэхийг уриаллаа.





Ховд аймгийн тухайд залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд харьцангуй их хувиар өсөж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдэгдсэн. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс харвал залилах гэмт хэрэг 2017 онд 6 хэрэг, 2018 онд 16 хэрэг, 2019 онд 52 хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх тоон мэдээг өмнөх онуудтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 3,2 хувиар өссөн дүн мэдээ байна. Шалтгаан нь иргэд эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон, цахим орчны буруу хэрэглээ дадал хэвшлээс үүдэлтэй хэмээн мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байна.





Ховд аймгийн тухайд бүртгэгдсэн залилах төрлийн гэмт хэргээс сүлжээнд элсүүлэх нэрийдлээр олон удаагийн давтамжтайгаар хүнээс мөнгө шилжүүлэн авч хувьдаа ашигласан байж болзошгүй 11 үйлдэл бүхий 130 орчим сая төгрөгний хохиролтой хэргийг 2019 оны 11 сард илрүүлжээ. Тус хэргийг одоо шүүхэд шилжүүлэн шалгаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байна. Ямар ч хяналтгүй , баримт эх сурвалжгүй, тодорхой бус нэр хаягтай, сошиал мидеагийн мэдээ мэдээллийг сайтар нягтлах, шууд итгэж харилцаа тогтоох, тодорхойгүй сүлжээний бизнест элсэхгүй байх, хэн нэгний ятгалагат амар хялбар өртөхгүй байх зэрэгт анхаарах нь та өөрийн болоод өөрийн гэр бүл, эд хөрөнгийг заллилах гэмт хэргээс хамгаалах хамгийн энгийн алхам гэдгийг Ховд аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж байлаа.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)