Ховд аймаг дахь цагдаагийн газар зарим байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа


  2020 оны 1-р сарын 1-ээс эхлэн улс орон даяар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл Ховд аймаг дахь цагдаагийн газар тус хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.




  Цагдаагийн газраас гэрээ байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулж, цаашид хийж хэрхэн ажиллах талаараа байгууллагуудын удирдлагуудтай харилцан санал солилцлоо. Ховд аймаг дахь цагдаагийн газар нийт 14 албан байгууллагатай хамтран ажиллах гэрээг хийсэн юм. Тус гэрээг хэрэгжүүлж ажилласнаар гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах, байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах тус байгууллагууд харилцан үүрэг хүлээж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үр дүн гарна хэмээн үзэж байна.





Ховд аймгийн хэмжээнд 2019 онд нийт 481 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 32,5 хувиар өсжээ.
Тэгвэл Ховд аймаг дахь цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг авч хэрэгжүүлсээр байгаа юм. Түүний нэг нь өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээг батлах асуудал байлаа. Төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, хамтран ажиллах нь хуулийн хэрэгжилтэд илүү үр дүнтэйгээр нөлөөлөх чухал ажил болно гэдгийг Ховд аймаг дахь цагдаагийн газраас онцолж байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)