7 дугаар сургуулийн хамт олон 400 ширхэг амны хаалт 10 гаруй кг аарцыг халуун цэг дээр ажилладаг зарим албан байгууллагуудад хүлээлгэн өглөө

  Ц. Алтантунгалаг захиралтай Жаргалант сумын эко 7 дугаар сургуулийн хамт олон нэг удаагийн гялгар цаасан уутыг халах уриалгыг дэвшүүлэн бор цаасан уут, даавуун тор үйлдвэрлэн орон нутгийнхаа хэрэгцээг хангах томоохон ажлыг амжилттай зохион байгуулж байсныг олон хүн мэднэ. Тус сургууль хамт олон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг ямагт дээдлэн олон шинэ санал санаачлагыг хэрэгжүүлэн бусад байгууллага хамт олноо манлайлсаар ирсэн байдаг.
Тэгвэл дэлхий нийтийг хамраад байгаа covid -19 вирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор багш ажилчдынхаа санал санаачлагаар дотоод нөөц боломж дээрээ тулгуурлан цэвэр даавуун 400 ширхэг амны хаалтыг оёсон байна.
Тэд өөрсдийн халуун сэтгэл шингээн урласан амны хаалт, дархлаа дэмжих аарцны хамтаар хүн ардынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө халуун цэг дээр ажилладаг төрийн зарим албан байгууллагуудад хүлээлгэн өглөө.





Олны хүч оломгүй далай гэх ардын сайхан үг бий. Хүнд хэцүү үед нэгнээ гэх сайхан сэтгэлээр өөрсдийнхөө хийж чадах бүхнээ бусдад харамгүй зориулсан энэхүү сайн үйлсийн аянд 7 дугаар сургуулийн захиргаа, багш ажилчдаас гадна сайн дурын бүлгийн эцэг эхчүүд, “Баярлалаа” челленжийн сурагчид ч мөн гар биеэр оролцжээ. Тус хамт олон өөрсдөө үйлдвэрлэн гаргадаг бор цаасан уутаа цагаан идээний худалдаа эрхлэгчдээс аарцаар сольж авсан байна. Ийнхүү амны хаалт, аарцаа аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлыг газар, БОЭТ, Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллагуудад гардуулан өгсөн байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)