Ховд аймгийн ЗДТГ-аас иргэн бүрийг маскжуулах ажлыг эхлүүллээ

  Ковид-19 вирусийн халдварын тохиолдол Монгол улсад одоогоор бүртгэгдээгүй. Ховд аймгийн тухайд тус халдвараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр холбогдох салбар, албан газрууд тодорхой ажлуудыг хийсээр байна. Үүний нэг нь Ховд аймгийнхаа нийт хүн амыг маскжуулах ажил юм. Тодруулбал аймгийн ЗДТГ-аас санаачлан орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг оёдлын үйлдвэр, цехүүдтэй гэрээ байгуулан ЭМЯ-аас гаргасан даавуун маск оёх заавар чиглэл, зөвлөгөө зөвлөмжийн дагуу 100 хувь цэвэр даавуун маскыг оёулж иргэдийн гар дээр үнэ төлбөргүй хүргэх ажлыг эхлүүллээ.





Ховд аймаг нийт 87,230 гаруй хүн амтай, 22476 айл өрхтэй гэсэн тоон статистик мэдээ байна. Эдгээр хүн амыг маскжуулахдаа өрх бүрийн гишүүний тоогоор нэг нэг маскыг өгөхөөр болжээ. Харин маскыг оёж үйлдвэрлэх төсөв хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сан, эрүүл мэндийн эрсдлийг буруулах дэд хөтөлбөр болон бусад эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэжээ. Нэг ширхэг маскыг үйлдвэрлэх зах зээлийн үнэ үнэ 800 төгрөг. Нийт 60,000 маск 48,000,000 төгрөгөөр өртгөөр үйлдвэрлэгдэж байна. Маскыг иргэдэд тараах ажлыг сумын багийн засаг дарга болон нийгмийн ажилтнуудад үүрэг нарт үүрэг болгон өгсөн юм. Ингээд Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн засаг дарга иргэдэд тараах 40,000 маскыг хүлээн авлаа.





Жаргалант сумын тухайд 12 багтай, 9618 өрхтэй нийт 30987 оршин суугч, хүн амтай бол энэ нь Ховд аймгийн нийт хүн амын 35,6 хувийг эзэлдэг байна. Хүн ам олноор суурьшсан, нягтшилт ихтэй газар болох Жаргалант сумын иргэдийн тоогоор эхний ээлжинд 40,000 маскыг хүлээлгэн өгсөн юм. Мөн маскыг тараахдаа түр болон суурин оршин суугч гэж ялгахгүйгээр иргэн бүрт өгөх чиглэлийг холбогдох хүмүүст үүрэг болгосон юм. Харин хөдөөгийн сумдын тухайд дээрх жишгээр оёдлын цехүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, иргэдээ маскжуулах ажлыг хийх юм байна.






 
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 1)

2020 оны 02 сарын 20-нд

hzee maska taraahii be