Хориглосон “KINDER” нэрийн бүтээгдэхүүн манай аймагт илрээгүй байна.

  Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж. Өвчтөнүүдээс авсан асуумж судалгаан дээр үндэслэн kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байна.

Иймд МХЕГ-аас баталсан 2022 оны 04 сарын 12 ны өдрийн 01/50 тоот “Хүнсний худалдааны газруудад худалдаалан хадгалагдаж буй Kinder нэрийн бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийх тухай” удирдамжийн дагуу Ховд аймгийн МХГ-аас Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй нийт 147 худалдааны газрыг хамруулан тандалт судалгаа хийсэн байна.
Тандалт судалгаагаар 14 худалдааны газарт Kinder нэрийн 5 төрлийн 1903 бүтээгдэхүүн худалдаалагдаж байсан ба тухайн бүтээгдэхүүнүүд нь Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн байсан бөгөөд хориглосон Kinder нэрийн бүтээгдэхүүн одоогоор манай аймагт илрээгүй байгаа юм.
Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Kinder нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг МХГ-аас сэрэмжлүүлж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)