Нүхэн жорлонд үнэ төлбөргүй ариутгал халдваргүйтгэл хийж байна

  Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн Коронавирус буюу COVID-19-ын халдвар авсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс улс болон аймаг орон нутгийн онцгой комиссын хурлын шийдвэр тогтоолыг байгууллага бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.


Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 5000 гаруй нүхэн жорлон байдаг гэх судалгаа байна. Эрсдэл өндөр энэ цаг үед халдвар, хамгааллыг сайжруулах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар орон нутгаас санаачлаг гаргаж Ховд Жюли ББН халдваргүйтгэлийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохир усны цооног, хашаа орчмыг ариутгах, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.



Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөгөө зөвлөмжийн дагуу Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан, Тахилт, Бугат гэсэн 4 багийн айл өрхүүдийн 2500 орчим нүхэн жорлон, бохирын цооногт шавжны хор шүршиж, Гипох-Порит кальцийн 0.5 хувийн уусмалыг цацаж, өвчин үүсгэж болзошгүй нян бактерийг устгалд оруулж байна. Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хийгдэж буй ажилд иргэд олон нийтийг идэвхтэй оролцож, ариутгал халдваргүйтгэл хийж буй мэргэжлийн байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулалгүй, шаардлагатай мэдээллийг үнэн зөвөөр өгч хамтран ажиллахыг уриаллаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)