Чандмань суманд сүү цагаан идээ боловсруулах цех ашиглалтанд орлоо

  Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд төслийн зүгээс орон нутгийн малчид, ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран Ховд аймгийн Буянт, Жаргалант сумдад сүү цагаан идээ борлуулах төв, Ховд аймгийн Дуут, Булган суманд сүү цагаан идээ боловсруулах цех, Ховд аймгийн Буянт суманд үхрийн ферм шинээр байгуулан ажилласан байна.
Ингэснээр орон нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, хямд үнэтэй сүү цагаан идээгээр хангах, малчид фермер эрхлэгчдийн сүү цагаан идээг цаг хугацаа алдалгүйгээр шинээр нь худалдан борлуулах боломж бүрдсэн байдаг.
Тэгвэл энэ удаад европын холбооны санхүүжилтээр Ховд аймгийн Чандмань суманд Сүү цагаан идээ боловсруулах цехийг ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь эхлүүллээ.





Ховд аймгийн Чандмань сумын малчдын тухайд сүү цагаан идээг өрхийн хэрэгцээндээ хэрэглэхээс хэтэрдэггүй, боловсруулах өрхийн үйлдвэр эрхлэн, зах зээлд нийлүүлэх ажлыг орхигдуулсаар иржээ. Сумын иргэд нь боловсруулсан сүү цагаан идээг зэргэлдээх аймаг , сумдаас зах зээлийн тухайн үеийн үнэ ханшаар худалдан авдаг байжээ. Гэвч сүү цагаан идээний үнэ ханш жилээс жилд өсөн нэмэгдэж, эрэлт ихсэж байгаатай холбоотойгоор сумандаа сүү цагаан идээ боловсруулах ,хаяг шошготой нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй болох малчид ард иргэдийн санаачлага гарснаар SECIM  төслөөс ийнхүү дэмжин төслийг хэрэгжүүлсэн нь энэ.







 20 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад ороод байгаа Чандмань сумын Сүү цагаан идээ боловсруулах цехэд тараг бүрэгч, цөцгий цохигч, хөргөгч, хөргүүр, ааруул хэвлэгч, шахагч машин гээд орчин үеийн стандарт хангасан 10 гаруй нэр төрлийн техник тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Цех шинээр үүд хаалгаа нээж байгаатай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ анхны дээжийг үйлдвэрлэн гаргаж, амталгаа хийгдсэн юм.
Цех бүрэн хүчин чадлаар ажилвал хоногт 8-12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах боломжтойн дээр тогтмол 8 хүний ажлын байр шинээр бий болж байгаа зэрэг олон давуу тал гарч байна. Одоогоор тус цех 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа гэдгийг цехийн дарга Ш. Нямаа онцолж байлаа.
Бэлтгэсэн: Г. Батчимэг




Сэтгэгдэл ( 0)