Ховд аймагт 847 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө


   2019-2020 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 07 ДУГААР САРЫН  02-05-НЫ ХООРОНД БОЛНО.
ХОВД АЙМГИЙН ТУХАЙД ЭНЭ ЖИЛ ЕБС-ИЙН 12 АНГИЙГ 917 СУРАГЧ ТӨГСӨЖ БАЙГААГААС 847 СУРАГЧ ЭЕШ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛЖЭЭ.
Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулах ажил Дэлхий нийтийг түгшээгээд байгаа Коронавирус буюу Ковид-19 цар тахлын үед болж байгаагаараа илүү онцлог болж байгаа төдийгүй сурагч бүр маш хариуцлагатай байх хэрэгтэйг албаны зүгээс онцолж байлаа. ЭЕШ Жаргалант сумын нэгдүгээр сургууль болон хоёрдугаар сургууль дээр тус тус зохион байгуулагдана. Шалгалт авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.
Энэ талаар Ховд аймгийн БСУГ-ын дарга М. Пүрэвхүү дараах мэдээллийг өгсөн байна:
- Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ын дүнг хувиар дуудах хэлбэрээр явуулдаг байсан бол энэ жил шалгалтын нийт дүнг ЕБ-ын хоёрдугаар сургууль дээр нэгтгэн лайваар шууд хүргэнэ. Мөн ЭЕШ-танд бүртгүүлсэн сурагчид өөрийн сонгосон сургуулийн цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай.
- Цахим бүртгэл зургадугаар сарын 26-наас долоо дугаар сарын зургааны хооронд явагдана. Мөн Соёл урлагийн их сургууль, Батлан хамгаалах их сургууль, Цагдаагийн академи зэрэг сургуульд элсэн ороход шаардагддаг ур чадварын шалгалтууд тухайн  их дээд сургуулиуд  дээрээ 09-р сард зохион байгуулагдахаар товлогджээ.
- Цар тахалтай холбоотойгоор Улс, аймгийн онцгой комиссийн гаргасан зөвлөмжийг баримталж Ховд аймгийн БСУГ-аас сурагч бүрийг нэг удаагийн бээлий, амны хаалт, халдвар хамгааллын хэрэгслээр хангахаар болсон  талаар мэдээлэл өглөө.
Бэлтгэсэн: Г. Занданзул




Сэтгэгдэл ( 0)