Давхардсан тоогоор 2000 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

  Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд улсын хэмжээнд нийт 30902 сурагч бүртгүүлжээ. Үүнээс 27999 сурагч нь энэ жилийн төгсөгчид бол 2903 сурагч нь өмнөх оны төгсөгчид шалгалтанд бүртгүүлсэн байна. Харин Ховд аймгийн тухайд 847 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлээд байгаа юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалтын хуваарь гаргасан ба Жаргалант сумын нэгдүгээр сургууль болон хоёрдугаар сургууль дээр энэ жилийн шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ. Энэ удаагийн шалгалтыг 2 сургууль дээр зохион байгуулахтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт ирж ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад оролцох багш нарт 2 өдрийн сургалтыг явуулж байна.



Сургалтаар элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдын тоон мэдээлэл, танилцуулга, хуваарь болоод анхаарах зүйлс зэрэг мэдээллүүдийг хүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт авах багт ахлагч, сэдэв хариуцагч мэргэжилтэн , даалгаврыг газар дээр нь засан шууд дамжуулах АТ инженер мөн Боловсрол соёл урлагийн газар болон тухайн сургуулиудын захирал, багш нар гээд нийт 100 хянагч мэргэжилтэн ажиллах юм. Мөн энэ жил нэмэлтээр эмч болон үйлчлэгчийг ажиллуулж байгаагаараа онцлог ба шалгалт явагдах сургууль тус бүр дээр урьдчилсан сэргийлэх үзлэгийн өрөөг бий болгожээ. Үүнээс гадна цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгуулагчдад гар ариутгагч, бээлий, амны хаалтыг өгч халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах аж.





Бэлтгэсэн: Г. Занданзул




Сэтгэгдэл ( 0)