Эрхэс зочид буудалд тусгаарлагдсан 40 иргэний зардлыг дааж татан авах ажлыг зохион байгуулж байна

  2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод байгаа иргэдээ Ховд аймагт татан авах шийдвэр гарснаар 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл иргэдээ бүртгээд 370 гаруй иргэнийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар сургууль дээр PCR шинжилгээнд хамруулаад Ховд аймаг руу 5 автобусаар татан авах ажлыг зохион байгуулсан байдаг.
Тухайн 5 автобусны 1 дүгээр автобусны 2 иргэнээс Ховд аймагт дахин шинжилгээ авахад шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ зохион байгуулан 1-23-ны тусгай үүргийн онгоцоор тухайн автобусанд зорчиж басан 40 иргэнийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Эрхэс зочид буудалд , хариу эерэг гарсан 2 иргэнийг ХӨСҮТ- тусгаарлаж эмчилгээг эхлүүлсэн байна.
Энэ хугацаанд тусгаарлагдсан 40 иргэнээс 2 удаагийн PCR шинжилгээ авсан, бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эдгээр иргэдээс хамгийн сүүлийн шинжилгээ авснаар Улсын онцгой комисс иргэдээ татан авч гэрийн тусгаарлалтад гаргах чиглэлийг аймагт хүргүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн шуурхай штаб, аймгийн Онцгой комисс тус тус хуралдан Эрхэс зочид буудалд тусгаарлагдсан 40 иргэний зардлыг даан татан авах ажлыг зохион байгуулж байна.



40 иргэнийг тээвэрлэж ирээд БОЭТ-д дахин PCR шинжилгээнд хамруулна. Ингэснээр дээрх иргэд 4 дэх удаагаа шинжилгээнд хамрагдаж байна гэсэн үг. Шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд 40 иргэнээ 14 хоногийн хугацаатай гэрийн ажиглалтад шилжүүлэх юм.
Түүнчлэн Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хүсэлт их байгаатай холбогдуулан аймаг орон нутгаас иргэдээ татан авах ажлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар ч мөн тодорхой ажлуудыг төлөвлөөд байгаа гэлээ.
Гэрийн ажиглэлтэнд байх иргэдээ МУ-ын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу сумдын Засаг дарга, сумдын онцгой комисс шийдвэрээ гаргаад гэнэтийн шалгалтуудыг зохион байгуулан ажиллах ёстой. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг цагаан сарын үеэр буюу 2 сарын 16-ны өдрийг дуустал хяналтыг нь илүү сайжруулахын тулд төрийн албан хаагчидийг дайчлан ажиллах шийдвэрийг онцгой комисс гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 840 иргэн гэрийн ажиглалтад байна. Маргааш буюу 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ОБГ дээр ажиллаж байгаа Шуурхай штабын 7043-3801 болон шуурхай штаб дээр цахимаар ирүүлсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах бөгөөд Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах иргэдийг эмнэлгийн магадалгаа эмчийн бичгийг нь үндэслэн хүсэлтийг нь авч байгаа юм байна.
Хот хооронд зорчих хүсэлтэй иргэдийн хүсэлтийг өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал авна. Нийтийн тээврээр зорчих гэж байгаа бол 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Харин сайн дураараа PCR шинжилгээгээ хийлгээд, хувийн унаагаараа нутагтаа ирье гэж байгаа иргэдийн тухайд хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн иргэдийн мэдээллийг 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авах юм.
Тиймээс нутагтаа ирэх иргэд утас, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ үнэн зөв өгч хамтран ажиллахыг аймгийн онцгой комиссоос нийт иргэддээ зөвлөж байна.
Эх сурвалж: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)