Энэ сард багтан "Хүүхдийн тасаг" шинэ байрандаа нүүж орно

 Улсын төсвийн нийт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онд 50 ортой Хүүхдийн эмнэлгийг барьж ашиглалтад оруулсан. Тус эмнэлгийн барилгын дотоод заслын ажлыг дуусган одоо ард иргэд, хүүхэд багачуудыг хүлээн авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
Үүнтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа, цаашид анхаарах болон ямар асуудал тулгамдаж байгаатай танилцах зорилгоор өнөөдөр /2021.03.17/ аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Хүүхдийн эмнэлгээр орж ажил байдалтай нь танилцлаа.



Одоогоос сар гаруйн хугацааны өмнө тус эмнэлгийн 1 давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Энд ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулах үйлчилгээг цогц байдлаар үзүүлж байна.
“Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас нийт 1,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай оношилгооны аппарат, техник тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ. Тухайлбал, Рентгэн, унтуулгын дурангийн, тархины, судасны, зүрхний ачаалалтай цахилгаан бичлэгийн, шүд, чих, хамар хоолойн оношилгооны зэрэг 32 нэр төрлийн аппарат, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулан иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт цогц байдлаар хамруулан ажиллаж байна.



Эмнэлгийн 1 болон 2-4 давхарт хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулах юм байна. Энэ сардаа багтаан Хүүхдийн тасгийг шинэ эмнэлэг рүү нүүлгэж, үзлэг, эмчилгээг нэг дороос үзүүлэхээр төлөвлөжээ. Гэвч тохижилтын асуудал гол тулгамдсан асуудал болж байна.
Хуучнаа засаж сэлбээд ашигласан ч наад зах нь эмч ажилчдын суух ширээ сандал, хүүхэд багачуудыг хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ хангалт муу зэрэг тохижилтын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирч байгааг БОЭТ-ийн ажил хариуцсан албан тушаалтнууд хэлж байлаа. Тиймээс “Эрүүл, иргэн”-ийг өсгөж ирээдүй хойч үеэ бэлтгэх, хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүн бүр тус эмнэлгийг тохижуулахад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болох нээ. Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан БОЭТ-ийн захиргаанаас ажлын 2 хэсэг байгуулан ажиллаж байна.
Тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, хэрхэн шийдвэрлэх гарц, боломж байгаа талаар ажлын хэсгийн хурлаараа ярилцан зөвшилцөж ажил хэрэг болгох, аймаг, сум орон нутагтайгаа хамтран ажиллахыг аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан БОЭТ-ийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн хамгийн гол нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийг үйлчилгээг цаг ямагт шуурхай, соёлтой, чанартай, тэгш хүртээмжтэй байлгах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв.
Бэлтгэсэн: Х. Алтантуяа
 




Сэтгэгдэл ( 0)