Аймгийн Засаг дарга та “Хэлсэндээ хүрч” иргэдээ хямд үнэтэй мал махаар ханга

  Ховд аймагт малын үнэ тэнгэрт хаджээ.

2021.07.05-ны байдлаар “Таван баялаг” малын зах дээр хонь 170-330 мянга, ямаа 150-200 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

Малын үнэ өсөлттэй байгаа тухай худалдаа эрхлэгчид хэлэхдээ: Малчид үнээ нэмж зарж байгаатай холбон тайлбарлаж байна. Харин Малаа зарахаар авч ирсэн малчдын тухайд ченжүүдийн гараар дамжин иргэдэд хүрэх хооронд үнийн хөөрөгдөл үүсэж байна гэж тайлбарласан байна.
Үнэн худлын хооронд сөөм зөрүүтэй гэдэгчлэн цар тахалтай тэмцэж туйлдаад байгаа орлого муутай иргэдээ иддэг хоолоор нь ийнхүү боомилж байгаа нь шударга бус явдал гэдгийг худалдан авагчид онцолж байлаа.

Мах, сүү, хүнсний ногооны үнийн өсөлт нь орлого багатай ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Жишээлбэл сард 350 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад 330 мянган төгрөгөөр өөрийн сэтгэлд хүрсэн малаа худалдаж авна гэсэн үг юм.
Тэтгэвэр, халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг иргэд махандаа сарынхаа цалин, орлогоо бүрэн зарцуулаад хоосон хоцорч байна гэсэн үг. Гэтэл Ховд аймаг 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 сая 200 мянга орчим толгой мал тоолуулсан.
Нийт малаа аймгийн төвийн хүн амдаа хуваавал нэг хүнд 106 тоо толгой мал оногдож байна.
Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байгаатай холбогдуулан аймгийн засаг дарга Б.Дүгэржав орон нутагтаа өрнөөд буй иргэдэд ээлгүй шударга бус зүйлийг таслан зогсоож тодорхой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байгааг иргэд олон нийт шүүмжлэлтэйгээр мэдэгдэж байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)