Ховд аймгийн хэмжээнд 311 хүүхэд ямар нэгэн хүчирхийллийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа гарчээ

  Ховд аймгийн хэмжээнд 311 хүүхэд ямар нэгэн хүчирхийллийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн судалгаа бий. Илрүүлэлтийг нэмэгдүүлж Хүүхэд хамгааллын ажлыг илүү сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.



Энэ үеэр гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн хамтын ажиллагаагаа уялдуулж хүүхэд хамгааллын ажлыг илүү сайжруулахад анхаарахаар санал солилцож ажлаа төлөвлөлөө.
Эх сурвалжийн өгсөн тоон мэдээллээс харахад Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2021 онд 3800 орчим хүүхдэд хамгааллын бодит дэмжлэг үзүүлсэн байна.
Цар тахлын үед 400 гаруй айл өрхөд үнэлгээ хийж 750 хүүхдэд хүнсний болон эрүүл мэндийн тусламж үзүүлжээ. Хүүхдийн эрх зөрчигдөж, ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй гомдол, мэдээллийн дагуу үнэлгээ хийхэд илрүүлэлт өмнөх оноос 43 хувиар, Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага 30 гаруйгаар нэмэгдэж 93 болж тус тус өсчээ.



Дээрх мэдээллээс харахад эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч нөгөө талаар илрүүлэлт сайн байгаагийн үр дүн гэж албаныхан тайлбарлаж байна. Мөн гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлыг иргэд үүргийнхээ дагуу мэдээлдэг, аймаг, сумын хамтарсан баг, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлын уялдаа холбоо сайжирч байгааг онцолсон юм.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)