Ховд аймгийн ЕБ-ын 20 сургууль “Ухаалаг самбар”-тай боллоо

  “Дижитал боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Ухаалаг самбар” хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Коронавируст цар тахлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд бүх шатны боловсролын байгууллага танхимын болон цахим сургалтыг хослуулан явуулах хэрэгцээ шаардлага гарч цахим шилжилтийг сургалт арга зүйдээ нэвтрүүлээд байгаа юм. Хамгийн гол нь орчин үеийн стандартыг хангасан дижитал технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай боловсрол олгох асуудал чухал учир аймаг орон нутаг, харьяа байгууллагуудын дэмжлэгтэйгээр 260 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “MAXHUB” брэндийн ухаалаг самбарыг Ерөнхий боловсролын 20 сургуульд олгоод байна. Нэг бүрийн үнэ нь 13 саяар үнэлэгдэх “Ухаалаг самбар”-ыг Улаанбаатар хотын “Sankou Marketing Mongolia” ХХК нийлүүлээд байна.

Энэ удаа аймгийн төвийн 4 сургууль, хөдөөгийн 16 сургуульд “Ухаалаг самбарыг хүлээлгэн өгч, хэрхэн яаж ашиглах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Харин үлдсэн таван сургуульд ирэх оны есдүгээр сард багтаан ухаалаг самбар нийлүүлэх юм. Ингэснээр Ерөнхий боловсролын сургууль бүр цахим сургалт явуулах, харилцан туршлага солилцон, мэдээлэл хуваалцах “Хосолсон сургалт”-ын бие даасан танхимтай болох олон давуу тал бүрдэж байна.
Ийнхүү төрийн байгууллагууд шат шатандаа цахим, дижитал технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь "Цахим-Ховд" хөтөлбөртэй уялдсан үр дүнтэй ажил болж байна. “Sankou Marketing Mongolia” ХХК нийлүүлээд байгаа “Ухаалаг самбар” нь 30,000 цаг ажиллах хүчин чадалтайгаас гадна тасралтгүй 16 цаг ажиллуулахад 7,5 жил ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой гэлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)