Багш нарын баярын хурал боллоо


  Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 101 жил, Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ХДТ-т зохион байгуулав.

  Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга Б.Алтангэрэл нарын албаны төлөөлөл оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа болон УИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын бие төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлэв.



Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа Монголын ирээдүй үеийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх их үйлсэд авьяас билиг, эрдэм оюун, хичээл зүтгэлээ зориулан буй үе үеийн багш нарт баяр хүргэлээ.
Э.Болормаа: Багшийн гараас хөтлөөгүй, багшийн эрдмээс суралцаагүй хүн гэж үгүй. Өнөөдөр хүн бүхэн улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан үе үеийн эрдэмтэн багш нарынхаа ач гавьяа, хичээл зүтгэлийг бахархан дурсаж, эрдэмт багш нараа хүндэтгэх өдөр. Мянга мянган хүүхэд, залуусын мэдлэг оюуныг хөгжүүлж дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай хүүхэд залуусыг бэлтгэх шавхагдашгүй нөөц, оюуны их уурхай энд бий. Гэхдээ илүү чанаржуулах шаардлагатайг онцоллоо.

Баярын хурлын үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий зарим багш нарыг төрийн медаль, салбарын тэргүүн, яамны жуух бичиг, аймаг, орон нутгийн шагналаар шагнаж баяр хүргэлээ. Мөн өнгөрсөн хичээлийн жилийн зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийг хөгжүүлсэн, ЭЕШ-ын дундаж оноогоор тэргүүлсэн сургууль, ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг нь “ЧАДВАРЛАГ БАГШ” хөтөлбөрийн хүрээнд шагнаж урамшуулав.
Ерөнхий боловсролын дунд сургуулиас:
- Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Х.Нямсүрэн, - Прогресс сургуулийн багш Ц.Болдцэцэг, Чандмань сумын сургуулийн багш Х.Сэлэнгэ нар
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас:
- Зэрэг сумын Бүжинхэн цэцэрлэгийн багш Д.Уранцэцэг
-Их дээд сургуулиас:
- МУИС-ийн харьяа Ховд дахь сургуулийн багш Д.Ганчимэг нар “ЧАДВАРЛАГ БАГШ”-аар шалгарлаа.





ЭЕШ-ын дундаж оноогоор Жаргалант сумын Прогресс дунд сургууль 580,6 оноогоор тэргүүлсэн бол Цаст-Алтай цогцолбор сургууль 554,7 оноогоор дэд байр, Зэрэг сумын дунд сургууль 526,7 оноогоор гуравдугаар байранд шалгарчээ.
Мөн англи хэлний дундаж оноогоор улсад хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг үнэлж гадаад хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн М.Бердигүлийг шагнаж урамшууллаа.
 “ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн чанарын үнэлгээгээр амжилт гаргасан багш, сурагчдыг аймгийн төвийн болон сумдын сургууль, цэцэрлэг гэсэн ангиллаар байр эзлүүлэв. Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 25 сургууль, 33 цэцэрлэг, хувийн өмчийн 10-аад цэцэрлэг, Насан туршийн боловсрол, их дээд сургууль, коллежид нийт 3000 орчим эрдэмтэн багш нар ажиллаж, 30000 гаруй хүүхэд багачууд, оюутан залуусыг сурган, хөгжүүлж байна.
Эх сурвалж:ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)