60 гаруй жил ашиглагдсан замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна

  Тэмээтэй хөшөөний тэг цэг буюу замын бэлчрээс Буянт голын бага гүүр хүртэлх 1,8 км авто замыг шинэчлэн засварлах ажлыг улсын төсвийн 2,5 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар эхлүүлээд байна. Замын ажлыг зам тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 30 гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр “Ховд Азза” ТӨХК ажиллаж байна.

Өмнө нь орон нутагт харьяалагддаг байсан энэ зам одоо А0305 дугаартай Ховд Баян-Өлгий чиглэлийн улсын чанартай замд харьяалагддаг болж байна. Ингэснээр байнгын засвар арчлалт хийгдэхээс гадна замын эдэлгээ уртсах давуу тал бий болж байна. Наран, Рашаант багийг дайран өнгөрдөг 1762 урт метртэй энэхүү асфалтан замыг 60 гаруй жилийн турш ашигласаар иржээ.
Уг нь бол асфалтан замын ашиглагдах хугацаа стандартын дагуу 25-30 жил байдаг байна. Тухайн замыг 2012 оны үед өнгөн хучилт хийж засварласнаас хойш 10 гаруй жил болж байгааг албаныхан онцоллоо. Харин нутаг дэвсгэрийн тухайд мөнхийн цэвдэгтэй намгархаг газар учир 420 метрийн хөрсийг бүрэн сольсноор замын эдэлгээг уртасгаж, чанартай бүтээн байгуулалт хийгдэх боломжтой гэдгийг инженерүүд тооцоолжээ.


Зам тээврийн яамтай гэрээлсэн хугацаа ёсоор 07 дугаар сарын 01-ний өдрөөс зам засвар шинэчлэлийн ажил эхлэх байсан ч 18 хоногоор ажил нь хоцроод байна.Өнөөдрийн байдлаар замын ажил эхлэх төдий явж байна.

Азза ТӨХК-ийн зүгээс 10 гаруй техник, машин механизмтэйгээр 20-иод хүний бүрэлдэхүүнтэй бригад 2 ээлжээр ажиллаж байгаа учир хугацаандаа амжиж ажлаа дуусгана гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн дараа жил Бага гүүрнээс Малчны хороолол хүртэлх 1,7 км авто замын ажил үргэлжлэн хийгдэх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)