“Улаан ном”-д орсон, нэн ховор амьтан болох Минжнүүд хөлдөж үхжээ.


  Монгол улсын хуулиар хамгаалагдсан “Улаан ном”-д орсон нэн ховор амьтны нэг бол Минж. Ховд аймгийн Булган гол дагуу хоёр улсын усны хил хүртэлх багахан зурваст Минжний уугуул популяци нутаглаж байна. Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан тооллогоор 140 орчим толгой Минж байгааг тогтоожээ. Харамсалтай нь Булган голын дагуу өвөл, хаврын улиралд айл олноор нутагладаг, голын бургасан шугуй хүн малын шууд болон дам нөлөөнд өртөж, нөхөн төлжилт зогсонги байдалд орсноос Минжний тархац хумигдаж тоо толгой эрс цөөрч байна. Түүнчлэн Өвөл, Хаврын хачир, шар усны үер Минжний хэвтрийг эзэлж, орогнох газаргүй болгосон тохиолдол бүртгэгдэж байна.

   2024.03.04-ний өдөр Минж үхсэн байна гэх нутгийн иргэдийн дуудлага мэдээллийн дагуу Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргааны хамт олон тухайн газарт ажилласан байна. Нөхцөл байдалтай танилцахад  шар усны үерийн улмаас оромж овоохой нь усанд автаж, орох оронгүй болсон хоёр тооны Минж мөсөн дээр  наалдсан байдалтай, нуруу хэсэгтээ  нохойд бариулж гэмтсэн, мөсөн дээр наалдаж хөлдсөн сүүлээ салгах гэж өөрөө өөрийгөө их хэмжээгээр  гэмтээсэн байдалтай байжээ. 



  Харамсалтай нь Булган сумын Байгаль орчны байцаагч, мал эмнэлэг, малын эмчийг тухайн газарт дуудаж яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч мэргэжлийн байгууллагууд ирээгүйн улмаас Минжнүүдийг аварч чадаагүй байна. Цаашид ч шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгаа учир энэ мэт тохиолдлууд гарах эрсдэл учраад байна. Тиймээс ховордож, устах аюулд ороод байгаа Азийн шар Минжийг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, хариу арга хэмжээг яаралтай авч ажиллах тал дээр мэргэжлийн байгууллагууд санаачлагчтай, харилцан улдаатай ажиллах хэрэгтэй байна.
Бичсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)