ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ ТЭМЦЭЭНД ЖАРГАЛАНТ СУМЫН ЕБ-ЫН 7 СУРГУУЛИЙН 154 СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

  Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээний үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б. Дүгэржав, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ганхуяг нар оролцож, тэмцээнд оролцож байгаа сурагчдад амжилт хүслээ.
Ховд аймагт 2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байгаа Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123-р анги хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд аймгийн төвийн буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 8-12-р ангийн 154 сурагч оролцож, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.
Эх орноо хайрлан хамгаалах, цэргийн эрдмийн анхан шатны мэдлэгийг олгох, бие бялдарыг нь хөгжүүлэх цэрэг спортын Дөл тэмцээнд нэг сургуулиас 22 сурагч оролцож байна.
Тэд эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах цаашлаад зэвсэгт хүчний салбарт ажиллах мөрөөдөлдөө хөтлөгдөн өөрийгөө сорин оролцож байгаагаа хэлж байлаа.





Энэ удаагийн тэмцээнийг гарааны өмнөх ажиллагаа буюу гардан тулааны үзүүлэх тоглолт, цэрэгжилтийн спортын 16 тоот гемнастик 1, 2-р дасгалаар, жагсаалын үзүүлэх тоглолт, галын бэлтгэл автоматын задаргаа, угсаргаа, биеийн тамирын норматив, эмэгтэй сурагчид гар дээр суниах, эрэгтэй сурагчид дүүжинд суниах дасгалаар гэсэн гарааны өмнөх 7 төрлийн шалгуур, мөн 2000 км-ийн гүйлтэн дундаа гүйцэтгэх даалгаваруудаар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тус тэмцээнийг зохион байгуулсанаар оролцож байгаа хүүхэд залууст цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдарыг нь хөгжүүлэх ач холбогдолтой юмаа.



Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)