Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн “Ховд түншлэл-2019”нэгдсэн арга хэмжээ боллоо

  Ховд аймгийн Хөгжил политехник коллеж нь Хөдөө аж ахуй, барилга уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр 33 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж, 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж байна. Тус сургууль 2016 оноос эхлэн төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ирсэн байдаг. Ингэснээр төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсдыг чадваржуулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замаа тодорхойлох, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн хамтран ажиллахад чухал нөлөөг үзүүлсээр ирсэн байна. Жил бүр сургуулийн захиргаанаас санаачлан зохион байгуулж хэвшсэн тус арга хэмжээг энэ жил “ Ховд түншлэл-2019” нэртэйгээр зохион байгуулаад байна.





Дээрх арга хэмжээнд тус сургуулийн багш суралцагчдаас гадна орон нутгийн төр захиргааны байгууллага, түншлэгч аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцсон байна. Ховд Хөгжил Политехник коллежоос санаачлан зохион байгуулсан “ Ховд түншлэл-2019” арга хэмжээний хүрээнд тус сургуулийн багш суралцагсад 17 мэргэжлийн 232 нэр төрлийн бүтээгдэхүүн, 81 багаж хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн тавьж олны хүртээл болголоо.







Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн нэгдсэн арга хэмжээ салбар зөвлөлүүдээс гарсан зөвлөмжийг танилцуулах арга хэмжээгээр үргэлжиллээ. Өнгөрсөн жил төр, мэргэжлийн салбар зөвлөлүүд, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн сургалтын байгууллагаас 3 чиглэлд 21 төрлийн зөвлөмжийг гаргаж ажил хэрэг болгож чадсан гэдгээ энэ үеэр онцолсон юм.







Энэ жил тус сургууль мөн 3 чиглэлээр 21 зөвлөмж гаргаж 2019-2020 оны үйл ажиллагаандаа тусган ажиллахаар болжээ. Ингэснээр төр, хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, үйлдвэрлэл дээрх сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн ахиц гарна гэж үзэж байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)