Хөгжил политехник коллежийн хурлын танхим Н.Цэдэнхүү агсны нэрэмжит боллоо

  Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумын захирлаар 1960-1962 онд ажиллаж байсан Ням-Осорын Цэдэнхүү агсны үр хүүхдүүд аавынхаа хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх, дурсгалыг нь хүндэтгэх үүднээс Ховд хөгжил политехник коллежийн хичээлийн шинэ байрны өргөтгөлийн хурлын заалыг тохижуулан тус сургууль хамт олонд хүлээлгэн өглөө.



Ням-Осорын Цэдэнхүү агсан 1914 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн бөгөөд тэрээр хуучнаар ЗХУ-д хамтралын түр курс, мал эмнэлгийн дээд сургуульд суралцаж малын эмч мэргэжил эзэмшсэн байдаг. Цэдэнхүү нь 1924 онд Ховд аймгийн төвд малын бага эмчээр томилогдон ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй.
Эзэмшсэн мэргэжил ур чадвараараа танигдсан түүнд итгэл хүлээлгэн алс баруун хязгаар нутагт эрдмийн үр тарих их үйлсэд томилсноор Ховд аймгийн хөдөө аж ахуйн техникумын захирлаар 2-3 жил ажиллаж, сургуулийн шинэ барилгын ажлыг эхлүүлэн ашиглалтад оруулж, зуу зуун боловсон хүчин, ажилчин ангийг бэлтгэн гаргасан түүхэн гавьяатай нэгэн. Аавынхаа дурсгалыг хүндэтгэн “Ишган” трейдийн үүсгэн байгуулагч Ц. Ишган нь 21 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хурлын танхимыг тохижуулан хүлээлгэж өглөө.



Дэлхийд ур чадвараараа өрсөлдөх мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргадаг Хөгжил политехник коллежийн багш суралцагсдын эрдмийн ажил, илтгэл бүтээлийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт болсон гэдийг сургуулийн зүгээс дурдаж байсан. Хөгжил политехник коллеж нь олон улсын байгууллага, их дээд сургуультай хамтын ажиллагаатайн дээр төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, оюутан солилцооны чиглэлээр бодитой ажлуудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж ирсэн байдаг. Цахим технологийн хурдтай хөл нийлүүлэн мэдээлэл солилцох нь сургалтын салшгүй хэсэг.
Тиймээс орчин үеийн стандартыг хангасан тохилог хурлын танхимтай болсонд сургууль хамт олон баяртай байлаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ

 




Сэтгэгдэл ( 0)