Ховд аймгийн Хөгжимт драмын театрын өвөл цагийн уран бүтээлийн 82 дахь жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

  Тус театрын нийт уран бүтээлчид өвөл цагийн нээлтийн арга хэмжээгээ сурталчлан, орон нутгийн үзэгч олонд хүргэх үүднээс сүүлийн жилүүдэд алтан тайзнаа тоглогдож үзэгч олноос өндөр үнэлгээ авсан түүхэн бүтээлүүдийнхээ дүрийн хувцсаар жигдэрсэн жагсаалаар аймгаа бүтэн тойрч 11 дүгээр сарын 20-24-ныг хүртэл тоглогдох уран бүтээлийнхээ танилцуулгыг хийлээ. Үүний дараагаар ХДТ-ын төв талбайд нээлтийн арга хэмжээгээ албан ёсоор эхлүүлж , МУГЖ Дуграагийн нэрэмжит бүжиг ангийн уран бүтээлчдийн цамын бүжиг, ОУ-ын хөөмийн наадмын гранпри шагналт ХДТ-ын дэргэдэх Жангар хамтлагийн магтуу дуу зэрэг уран бүтээлийнхээ дээжээр үзэгч олны мэлмий сонорыг мялаалаа.





Энэ жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлтийн үйл ажиллагаанд ХДТ-ын нийт уран бүтээлчдээс гадна тус театрын ахмад уран бүтээлчид урилгаар оролцож, ард олныг урлаг соёлын арга хэмжээгээр дамжуулан соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа залуу уран бүтээлчдээ урам хайрлаж тэдний ажил уран бүтээлтэй нь танилцлаа.





Хөгжимт драмын театрын тухайд өвөл цагийн уран бүтээлийн 82 дахь жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд орон нутгийн үзэгч олондоо бүтэн 4 хоногийн турш бүтээлийн дээжсээ хүргэн ажиллахаар томоохон төлөвлөгөөг гаргажээ. Тухайлбал:
- 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг, 13 цагаас хүүхэд багачууддаа зориулан Норовын намтар
- 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр “Гэгээн муза -12 “ ОУ-ын наадмын Гранпри шагналт “Галдан хаан” туульсийн дуулалт жүжиг
- 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Цэндийн Олзвойн мэндэлсний 105 жилийн ойд зориулсан “Эх орны хүү” бүжгийн жүжиг
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Жангар” туульсийн дуулалт жүжиг
- 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Эх монгол орон хүндэтгэлийн концерт тус тус тоглогдох юм байна.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 1)
Зочин

2019 оны 11 сарын 21-нд

Театрын нийт хамт олондоо уран бүтээлийн арвин их амжилт хүсье👏👏👏