Ховд аймагт Коронавирусын халдвар бүртгэгдээгүй

  БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотоос гаралтай гэгдээд байгаа Коронавирусын сэжигтэй тохиолдол бүхий иргэн Ховд аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлагдаад байгаа гэх албан бус мэдээлэл олон нийтийн дунд яригдах болсон.
Тэгвэл энэ талаар ЭМГ-ын мэргэжилтнээс тодруулахад дараах мэдээллийг өглөө. Мэдээлэлд:
2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Приус маркийн авто машинаар Ховд хотод зорчин ирсэн иргэн ........ нь 2020.01.18-ны шөнийн 00 цагт БОЭТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Тухайн иргэн нь Улаанбаатараас Ховд аймаг руу зорчих замдаа биеийн байдал нь муудаж, ханиалгах явцдаа цусаар бөөлжиж Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс анхан шатны тусламж үйлчилгээ авсан байдаг байна. Тэрээр БНХАУ-ын Ухань хотод суралцдаг оюутан бөгөөд амралтаараа нутагтаа ирэх замдаа ийнхүү биеийн байдал нь муудаж эмнэлгийн тусламж авсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-ын Үхань хотыг эрсдэлт бүсээр зарлаад байгаа энэ үед тус хотод суралцаж байсан оюутан эрүүл мэндийн тодорхойгүй шалтгаанаар эмнэлэгт хандсан учир аймгийн эрүүл мэндийн салбарынхан яаралтай арга хэмжээ авч түргэн тусламжийн тасагт тусгаарлаж, халдвартын тасагт шилжүүлсэн байна.
Ингээд тархвар судлалын холбогдол бүхий мэдэгдэл цуглуулж, эмчийн үзлэгээр сорьц авч, вируслогийн шинжилгээ хийлгэснээр тухайн хүний оношийг гаргасан байна. Оношоор тухайн иргэн нь “Томуугийн Н3, N2 гэх вирусаар өвчилсөн болох нь тогтоогдоод байна.
Энэ төрлийн вирус нь улирлын чанартай томуугийн вирус гэж нэрлэгддэг бөгөөд томуугийн эргэлтэд ордог нийтлэг вирус гэдгийг албаны эх сурвалж өглөө. Эмнэлэгт хүргэгдсэн өвчтөний оношийг тодруулсны дараагаар БОЭТ-ийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал нь сайжирсан байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)