Аймгийн онцгой комиссын ээлжит хурал хуралдлаа

  Коронавируст буюу Covid-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг аймгийн ЭМГ-ын дарга Ц. Мягмарсүрэн өглөө. Түүний мэдээлэлд: Монгол улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд сүүлийн 24 цагийн мэдээллээр сэжигтэй тохиолдол байхгүй байгааг онцлоод 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 9 цагийн байдлаар ОУ-ын хэмжээнд 75040 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 14215 хүн эдгэрсэн, 2007 хүн нас барсан гэсэн тоон мэдээллийг Дэлхийн ЭМБ-аас өгөөд байгаа гэлээ.
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр 9 сая 990 мянган төгрөгний үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлээд байгаа бөгөөд 12 нэр төрлийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг сум, өрхийн эрүүл мэндийн төв, Зооноз өвчин судлалын төв, БОЭТ, ЭМГ зэрэг байгууллагууд хамтран бүрдүүлээд байгаа хэдий ч нөөцийн хувьд хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа учир нөөц бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг энэ үеэр мэдээллээ.
Ховд аймгийн ЭМГ, мэргэжлийн бусад байгууллагууд хамтран Коронавируст Covid-19 халдварын эрсдэлийн урьдчилсан тооцооллыг гаргаснаа хурлын үеэр танилцууллаа.
Мэдээлэлд: Ховд аймгийн нийт хүн амын 0,1 хувь нь Коронавируст Covid-19 халдвараар өвчилж, 2,5 хувь нь 1 дүгээр хавьтал болоход эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 1 сар ажиллана гэж тооцоолбол нийт 4 тэрбум 066 сая ,832 мянга 740 төгрөгний хүний нөөцийн цалин, хоолны зардал, ариутгал, халдваргүйтгэлийн уусмал, хамгаалах хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл шаардлагатай гэсэн төсөв санхүүгийн тооцооллыг хийсэн байна. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд төр хувийн хэвшил, олон нийтийн хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг мэдээлэл болгон хүргэсэн юм.
Мөн аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Б. Дүгэржавын санаачлагаар иргэд олон нийтэд хандсан эрүүл мэндийн зөвлөмжийг ЭМГ-аас бэлтгэн, хэвлүүлж иргэд олон нийтэд хүргэхэд бэлэн болсон байна.



Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл заалт, төсвийн тухай хууль, сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан засаг даргын нөөц хөрөнгийн зориулалтын нийтлэг журмын 2,1-ын 3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн засаг даргын 2020 оны 1 дүгээр улиралд зарцуулах засаг даргын нөөц хөрөнгийн 30 хувь болох 21 сая төгрөгийг Коронавируст Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад зарцуулах талаар хэлэлцлээ.
Мэдээлэлд: 2020 оны 2 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд 22 цэгт 23 тээврийн хэрэгсэл 41 алба хаагч хөл хорио тогтоон 24 цагаар 2 хоногийн хугацаатай хамгаалалт авч ажилласан бөгөөд Коронавируст Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад онцгой комиссын даргын шийдвэрээр томилогдсон шуурхай ажлын хэсэг алба хаагчдын томилолт, шатахууны зардалд 3,916,500 төгрөг, Цагдаагийн газрын алба хаагчдын томилолт, шатахууны зардалд 5,372,930 төгрөг, Онцгой комиссын даргын 2020 оны 04 дүгээр сарын тушаалаар Хөшөөтийн уурхай, Цэцэг, Алтай, Булган сум, Булган боомт дээр онцгой байдлын даргаар ахлуулсан ажлын хэсгийн болон ОБГ-ын алба хаагчдын томилолт, шатахууны зардал 3,069,500 төгрөг, Зооноз өвчин судлалын төвөөс ариутгал халдваргүйтгэлийн бодис, сурталчилгааны материалын зардал 1,564,000 төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын тамгын газрын дарга Д. Энхболдод зөвшөөрсөн захирамж гаргалаа.



Аймгийн Онцгой комиссын хурлаар яригдсан бусад асуудал дотор ард иргэдийг нэг удаа үнэ төлбөргүй амны хаалтаар хангах асуудлыг хэрэгжүүлэн ажиллахаар болж маргаашаас эхлэн багийн дарга нийгмийн ажилтнаар дамжуулан амны хаалт иргэд олон нийтэд тараах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд байгаа 20 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай сумдад олгох ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайханд үүрэг болголоо.Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар шуурхай штаб байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт багтсан байгууллагын дарга эрхлэгч нар тогтсон хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрлэж, цаг үеийн мэдээ мэдээллийг холбогдох байгууллагуудад шуурхай хүргэн ажиллахаар болоод байна.аймгийн ОБГ-7043105, 70433803 дугаарын 24 цагийн утас ажиллаж байгааг дуулгалаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)