Эр хонь 150-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
Өнгөрсөн оны хавар малын ханш 250-260 мянган төгрөгт хүрээд байсан бол өнөөдрийн /2020.04.06/ байдлаар эр хонь 150-180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Өвлийг өнөтэй давж, ган гачиг, зуд зурхан болоогүй учраас энэ хаврын мал тараг тэвээрэг сайтай байна. Амьд мал худалдан борлуулдаг Цагаан морь зах дээр хөдөөгийн сумдаас ирж байгаа малын борлуулалт муу, иргэдийн худалдан авалт бага байгаа ажээ.
Малчдаас авч байгаа ноолуурыг тухайн орон нутгийн түүхий эдийн бизнес эрхлэгчид худалдан авч цаашаа БНХАУ-ын ноолуурын ченж нарт өгдөг. Хятад ченжүүд ноолуурыг боловсруулаад гуравдагч улс буюу Итали улсад нийлүүлж худалддаг шат дамжлагаар явдаг байсан. Гэтэл энэ жил цаг үеийн байдлаас шалтгаалан ноолуурын ханшийг тодорхойлох боломжгүй байгаа гэнэ. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс унагахгүй байх, зохион байгуулалтыг хийж, энэ хүрээнд ноолуур бэлтгэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд 300 тэрбум төгрөгний зээл олгоно. Ингэснээр дотооддоо ноолуураа боловсруулах боломж бүрдэнэ гэж хэлсэн. Гэтэл яг энэ асуудал ямар зохион байгуулалтаар орон нутагт яаж хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгааг манай аймгийн түүхий эдийн бизнес эрхлэгчид хэлж байлаа. Өнгөрсөн жилийн тухайд манай аймагт 1кг ноолуур дээд тал нь 118мянган төгрөгт хүрч байсан юм. Энэ жилийн тухайд малчид ноолуураа зарах гэж яарахаас илүүтэй МУЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохион байгуулалтыг хүлээж нэгдсэн ханш тогтсоны дараа ноолуураа худалдан борлуулах нь хамгийн зөв шийдвэр болох нээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн
Сэтгэгдэл ( 0)