Сумдын мал эмнэлгийн тасгууд шинэ мотоцикл, техник хэрэгслээр хангагдлаа

  МУ-ын мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оныг “ Орон нутгийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг чадваржуулах” жил болгон зарласан байна. Энэ зорилтынхоо хүрээнд МУ-ын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумдад үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн тасаг, нэгжүүдэд мотоцикл, компьютер, принтер, сандал ширээ, ухаалаг утас олгох арга хэмжээг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.





Ховд аймгийн тухайд 17 сумын 17 тасаг, 47 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Хөдөөгийн сум, баг, бригад, малчны хотонд хурдан шуурхай хүрч үйлчилэхэд унаа тэрэгний асуудал хамгийн чухал. Тэр дундаа уулын бүс нутаг, өндөр ууланд гарч зусдаг малчны хотонд мал эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хамгийн тохиромжтой унаа бол мотоцикл. Ховд аймгийн сум, багийн нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүйн дээр хамгийн холдоо 300 орчим км, хамгийн багадаа 80 орчим км зайд орших малчны хотонд мал эмнэлгийн тусламж үйлчилгээг сардаа 2-3 удаа хүргэх шаардлагатай болдог байна.







Мал эмнэлгийн байгууллага байгуулагдсан цагаасаа эхлэн мал эмнэлгийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар олгож, бүх төрлийн мэдээ мэдээллүүдийг тухайн системээ түшиглэн хүргэн ажиллаж байна.







Одоогоос 3 жилийн өмнө Мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдийг унаажуулах ажил мөн хийгдэж байжээ. Энэ удаадаа мал эмнэлгийн тасгууд дахин шинэ унаатай болж тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг улам бүр сайжруулан ажиллахад гол анхаарлаа хандуулаад байна. Тиймээс өмнө нь ашиглаж байсан унаагаа мал эмнэлгийн нэгжүүдэд гэрээгээр шилжүүлэх ажлыг давхар зохион байгуулаад байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)