Хөгжил политехник коллежийн оюутнууд Ховд эко цементний үйлдвэр дээр дадлага ажил хийж байна

 Орон нутагт мэргэжилтэй ажилтанг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд гаргасаар ирсэн Ховд аймаг дахь “Алтан гадас одонт” магадлан итгэмжлэгдсэн Хөгжил политехник коллеж нь барилга уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл урлалын чиглэлээр 33 мэргэжлээр элсэлт авдаг байна. Монгол улсад уул уурхай, үйлдвэрлэл хөгжиж мэргэжилтэй ажилтны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх чиглэлээр элсэн суралцах оюутан суралцагсадийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Суралцагсад орон нутагтаа баригдаж байгаа барилга байгууламж, орон сууц, сургууль цэцэрлэгийн гүйцэтгэлийн ажлын явцад үйлдвэрлэлийн дадлага хийсээр иржээ. Тэгвэл энэ жилийн тухайд Ховд аймагт Эко цементний үйлдвэрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Хөгжил политехник коллежийн Бетон арматур, гагнуурын ангийн оюутан суралцагсад 2 сарын хугацаатайгаар Ховд эко цементний үйлдвэрийн барилга угсралтын ажилтай танилцангаа дадлага ажлаа гүйцэтгэхээр боллоо.





Баруун бүс нутагт барилгын материалын гол түүхий эд болох цементийн үнийг тогтвортойгоор барих, хямд үнэтэй чанартай цементээр хангах зорилгоор баригдаж байгаа үйлдвэрийн барилга угсралтын ажил 2021 он хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын үндсэн хийц болох бетоны ажил 50 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд ажиллах хүчний тухайд салбартаа олон жил ажилласан туршлагатай Вестерн холд ХХК, Нью минерал ХХК, Ховдын өргөө ХХК, Аминхүү констракшн, Соёмбот Алтай ХХК-ууд хамтран ажиллаж байгаа бол орон нутгийн 450 гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд гар биеэр оролцож байна.



Ховд аймаг дахь “Алтан гадас одонт” магадлан итгэмжлэгдсэн Хөгжил политехник коллеж нь Ховдын Өргөө ХХК-тай олон жилийн турш хамтран ажиллаж иржээ. Тиймээс орон нутгийн иргэд монгол инженер техникийн ажилчид өөрсдийн мэдлэг ур чадвараа дайчлан дагнан гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлаас суралцангаа дадлага ажлаа хийх нь үр дүнтэй байх болно гэдгийг туслан гүйцэтгэгч компанийн инженер техникийн ажилчид онцолж байсаан.



Улирлын чанараас хамаарч гүйцэтгэлийн ажил өөрчлөгддөг байна. Дулааны улиралд бетоны ажлыг хийж дуусгах бол сэрүү орж хүйтний улирал эхэлмэгц металл, төмөр хийцийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Иймд Хөгжил политехник коллежийн дадлага ажилд гарч байгаа оюутнууд онолдоо тулгуурлан илүү туршлага хуримтлуулж, олон шинэ зүйлсийг практик ажлаар эзэмшинэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)