Бие даасан халаалт, шаардлага хангасан ариун цэврийн өрөө байхгүй гэх үндэслэлээр захуудын үйл ажиллагааг хааж байна

  Коронавируст халдвар Covid-19 цар тахал дэгдсэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан улс орон даяар хөл хорио тогтоож, хэсэгчилсэн байдлаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж байгаа билээ. Монгол улсын Засгийн газар,Улсын онцгой комиссын шийдвэрээр хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ерөнхий чиглэлийг өгч ажиллаж байгаа. Харин орон нутаг бүр өөр өөрийн онцлог, нөхцөл байдалтайгаа уялдсан зохицуулалт хийн ажиллаж байна.



Ховд аймгийн тухайд Засаг даргын 704 тоот захирамжийн хэрэгжилтийн хугацаа 2020.12.01-ны өглөөний 8 цагт дуусахтай холбогдуулсан “Зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлж, цагийн хуваарь тогтоох тухай” Ховд аймгийн Засаг даргын 744 тоот захирамжийг 2020.11.30-ны өдөр гаргасан байна. Тус захирамжид зааснаар МУЗГ-аас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан халаалттай, шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй худалдааны төв болон битүү зах, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг 2020.12.01-ний өдрөөс 2020.12.11-ний өдрийн 06:00 цаг хүртэл үйл ажиллагааг нээж, ажиллах цагийн хуваарийг 09:00 цагаас 22:00 цагийн хооронд байхаар тогтоосон байна.
Иймд Ховд аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс аймгийн МХГ, Цагдаагийн газар хамтран шаардлага хангаагүй захуудын үйл ажиллагааг хаах ажлыг явуулан ажиллаж байгаа нь аж ахуй нэгж, бичил бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгаран маргаан үүсгээд байна.



Хан орд хүнсний захын тухайд зун намрын улиралд 500 гаруй худалдаачид амьжиргаагаа залгуулдаг томоохон хүнсний захын нэг бөгөөд улирлын чанартайгаар өвөлдөө 150 орчим хүн мах, сүү цагаан идээ, хүнсний ногоо, гурил будаа, жижиглэн худалдаа, жимс жимсгэнэ зэрэг бизнесийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг гэсэн мэдээлэл байна.
Хэсэгчилсэн хөл хориог дуулгавартай дагасан иргэдийн тухайд амьдралын төвшин, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, банк санхүүгийн зээл, өр төлбөрөөсөө шалтгаалан орлого бүрдүүлэн амьжиргаагаа залгуулахаас өөр аргагүйд хүрээд байгаагаа учирлаж байна.
Тэдний тухайд мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа эрүүл мэнд, халдвар хамгааллын зөвлөмж мэдээллийг дагаж мөрдөн ажиллаж байгаагаа хэлж байсан. Харин ялгавартай захирамж гаргасан аймгийн Засаг даргыг захирамжаа эргэн харж хүндхэн нөхцөлд байгаа иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжээсэй гэдгийг уламжилж байлаа.



Эрүүл ахуй, халдвар хамгаалал, стандартын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр үүд хаалга лацдуулаад байгаа зах худалдааны төвүүд олон жилийн турш л ийм нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн нь нууц биш. Энэ мэт алдаа дутагдлыг засах цаг хугацаа, эрх мэдэл нь орон нутгийг толгойлон удирдаж байгаа удирдлагууд хийгээд шат шатны төрийн байгууллагад байсан.
Өмнөх алдаагаа цаг хугацаанд нь засаж залруулж чадаагүй хирнээ цаг үеийн давагдашгүй нөхцөл байдлаас шалтгаалан санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа энэ цаг үед хэт нэг талыг барьсан, амьдралаас тасарсан захирамж гаргаж иргэд, төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн хооронд үл ойлголцож үүсгээд байгаа 744 тоот захирамжаа аймгийн зааг дарга Б. Дүгэржав та эргэн харах хэрэгтэй гэдгийг тэд хэлж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)