2021 он гарснаар 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт анх удаагаа боллоо

  Өчигдөр буюу 2021.02.15-ны өдрийн орон нутгийн цагаар 21:14 минутад Ховд аймгийн Зэрэг сумаас баруун тийшээ 20 километрын зайд магнитуд нь 4,2-той тэнцэх газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нэлээд хүчтэй байсан бөгөөд Зэрэг сумын Шар хөтөл гэх газрыг тухайн голомтын төв цэг болсон гэж үзжээ.
Тухайн газар хөдлөлтийн талаар:
Ховд аймгийн Зэрэг сумын Шар хөтөл хэмээх газар өвөлжиж байсан малчдын ярьж байгаагаар. Хад чулуу нурж байгаа мэт нүргэлсэн их дуу чимээ гарч, газар хөдлөлт мэдрэгдсэн гэх мэдээллийг өгсөн бол Зэрэг сумын төвд амьдарч байгаа иргэдийн нэлээд хэсэг нь газар хөдлөлтийг мэдэрсэн, байшин, гэрийг нь гаднаас нь машинаар мөргөж байгаа мэт мэдрэмж төрсөн, сууж байгаа хүмүүст араас нь түлхэж байгаа мэт мэдрэгдсэн, обжур шажигнаж хөдөлсөн,зэрэг мэдээлэл өгсөн байна.
Дээрх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас нэгтгэж судалсны үндсэн дээр Зэрэг сумын төв болон Бургасан, Гүвээ багуудад 3-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэх судалгааг гаргажээ.

Баруун аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг. 3-аас доош баллын хүчтэй газар хөдлөлт хоногт 50-60 удаа болдог. Гураваас дээш баллын хүчтэй газар хөдлөлтийг хүмүүс мэдэрдэг. Нэгээс хоёр баллын хүчтэй газар хөдлөлтийг багаж тодорхойлдог.
Өндөр байшин барилгад байгаа хүмүүс зарим тохиолдолд 2 магнитуд хүчтэй газар хөдлөлтийг мэдэрсэн байдаг.
Баруун бүс нутагт 2020 онд 3,5-аас доош магнитуд хүчтэй газар хөдлөлт 10 мянга гаруй удаа бүртгэгдсэн байна.
 Ховд аймгийн тухайд 2020 онд төвөөс зайдуу буюу Алтай сумаас урагшаа Хавтагийн нуруу орчимд 4,2-5 магнитуд хүчтэй 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн.
Ховд аймгийн тухайд 2021 он гарснаар 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт анх удаагаа болж байгааг шинжлэх ухааны академи одон орон, геофизикийн хүрээлэнгийн Ховд аймаг дахь салбараас мэдээллээ.
2021 он гарснаар Монгол оронд хүчтэй газар хөдлөлтийн тоо идэвхэжсэн гэж үзэж байна.Тэр дундаа Хөвсгөл аймгийн Ханх суманд 2020-2021 онд 28000 удаагийн газар хөдлөлт болсноос 160 гаруй газар хөдлөлт нь хүчтэй болсон гэх судалгааг гаргасан байна. Газар хөдлөлт болох үндсэн шалтгаан нь олон янз байдаг. Газрын гүний тогтоц, уул уурхайн хүчтэй тэсэлгээ,дэлхийн өөрийнх нь үүсгэж буй тектоник хөдөлгөөн, байгалийн үл тайлагдах шалтгаануудаас үүдэн газрын гүнд болж байгаа процесс учир, шалтгааныг нь тодорхойлох бэрхшээлтэй байдаг байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)