Байгаль сэтгүүлч клубын хүүхдүүд ”Зусландаа соёлтой амьдарья”-2024” аян өрнүүллээ
Манай аймаг 2024 оныг “Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Ховдын мэдээ” сонины дэргэдэх “Байгаль сэтгүүлч” клуб санаачлан Буянт голын орчны бохирдлыг бууруулах,Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийг сурталчлан олон нийтийн хандлагад нөлөөлж “ Зусландаа соёлтой амьдаръя-2024” аяныг энэ оны 07 сарын 10-наас 08 сарын 23-ныг хүртэл хэрэгжүүлж ажиллаа.
Аяны хүрээнд Буянт голоо хамгаалж, “Зусландаа соёлтой амьдрая” аянаар Буянт голын бүс нутаг Таван худагаас Их гол хүртэл, Бага голоос Цэнгэлдэх хүрээлэнгийн арын чиглэл, Буянт голын гүүрний дээд,доод тал,Оцон чулуу хүртэлх зуслангийн айлуудын орчны нөхцөл байдалд хүүхдүүд хяналт тавьж ажиллан, нийт 300 орчим иргэдтэй уулзсан байна.
Ингэхдээ “Ховдын мэдээ сонин” фэйж хуудас шинээр нээж, богино хэмжээний зураг,бичлэг хийж, нийгмийн сүлжээгээр зуслангийн айлуудын амьдралын хэв маягийг өөрчлөх нөлөөллийн ажил бас өрнүүлжээ.
Энэ жилийн зун Шинэ Ховд Жаргаланлт ТҮК өдөр бүр цагийн хуваарийн дагуу дудлагаар хог ачиж, айлууд тогтсон цагт хогоо бөөгнүүлж,ачуулж хэвшсэн нь сайн туршлага болсон гэж Буянт голын хүүхдүүд аяны зүгээс дүгнэж, мөн зуслангийн айлууд иргэд ч санал нэгтэй байжээ. Буянт голын хүүхдүүд аяны нөлөөллийн ажлын үеэр зуслангийн айлуудын иргэдтэй уулзахад орчныхоо хогийг цэвэрлэж, бие биедээ хяналт тавьж,хүүхдүүд нь хог ачих машинд хогоо ачуулж, орчны зүлэг, гол ус бохирдуулахгүй байгаа учраас орчин тойрондоо соёлтой, тав тухтай амьдрах амьдралын хэв маягийг бий болгож чадсан нь бидний хамтын ажлын үр дүн байж чадлаа.
Зусландаа ирэхэд торгон ногоон зүлэг байхад нь гэрээ барьж тухалсан бол, нүүхдээ нүүрээ битгий буруулаарай, буурь бууцаа цэмцийлгээд,орчин тойрныхоо хогийг цэвэрлээд нүүгээрэй гэдгийг сануулж,хүүхдүүд зуны турш хийсэн ажлынхаа талаар “Ховдын мэдээ” сонинд тусгай дугаар бэлтгэн иргэдэд хүргэсэн юм.
Аймаг орон нутгийн зүгээс Буянт голын сав газрын дагуу иргэд ая тухтай амьдарх олон бүтээлч ажил,санаачлага өрнүүлснийг бас дурьдах нь зүйтэй. Замын уулзваруудад камер байршуулж, бие засах орчинг бүрдүүлж, хог хаягдлыг дуудлагаар ачуулах, машин тавих тэмдэглэгээ, айлуудыг 50 тын зохион байгуулалтад оруулах гэх мэт олон ажил өрнүүлсэн юм.
Хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалахад тустай энэхүү аяныг дэмжиж ажилласан Аймгийн ИТХ,ЗДТГ, мэдээллийн ивээн тэтгэгч МОЭНКО кампанийн хамт олонд талархал дэвшүүлье.
Эх сурвалж: "Ховдын мэдээ" сонины дэргэдэх Байгаль сэтгүүлч клуб "Буянт голын хүүхдүүд" аян
Сэтгэгдэл ( 0)