Манхан сумын Улаанхүрээ багийн малчин С. Чулуунбаатар аймгийн аварга малчин өрхөөр шалгарав

  Улаанхүрээ багийн малчин Д.Чулуунбаатар, С.Баярмаа нар 1998 онд гэр бүл болж, Монгол улсын аварга малчин н.Сэсээр ааваасаа мал маллах арга ухааныг өвлөж яваа удам дагасан малчид юм. Д.Чулуунбаатар, С.Баярмаа нар 2013 онд “Сумын аварга малчин” цол хүртэж байсан бол 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 900-с дээш тооны мал тоолуулж “Аймгийн аварга малчин” цол хүртсэнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч П.Гэрэлсүрэн, Д.Ганбат, Ц.Цогтбаяр, С.Гантөмөр болон Манхан сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.



 

Аймгийн аварга малчин С.Баярмаа хэлэхдээ: Аав ээжийнхээ гаргасан амжилтыг давтаж, Монгол улсын аварга малчин болохын төлөө бид зүтгэж байна гэлээ.

Аймгийн аварга малчин Д.Чулуунбаатарынх Хуурай сэнхэр Борхойдоо гэдэг газар өвөлжөөд, хавар, намрын улиралд Манхан сумын Улаанхүрээ багтаа хаваржиж, намаржаад Мөнххайрхан сумын Эргийн эх гэдэг газар зуншиж, малынхаа тарга тэвээрэгт анхаарч, малаа 5 төрөл дээр нь өсгөж байна.
Манхан сумын Улаанхүрээ баг энэ жил 32,000 мянган мал тоолуулж, 96 өрхийн 440 гаруй хүн тус багт амьдарч байна. Мал аж ахуй, газар тариалан хосолсон Манхан сумандаа сарлагаараа тэргүүлж байгаа баг юм. Тус баг энэ хавар төл малаа 100 хувь хүлээн авч 13,000 мянган төл мал бойжуулсан байна.



Аймгийн аварга малчин Д.Чулуунбаатар, С.Баярмаа нар Манхан сумын Улаанхүрээ багийн 5 дахь аймгийн аварга малчид юм. Аймгийн аварга малчин Д.Чулуунбаатарынх сумын төвөөсөө 20км газарт өндөр бүсийн нутаг, Гурван сэнхэрийн ай сав газарт хаваржиж байна.
Бэлтгэсэн: Г. Буянт




Сэтгэгдэл ( 0)