17 ширхэг тарвага агнаж гэртээ хадгалан, хууль бусаар худалдан борлуулж байсныг илрүүлжээ

  Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон Монгол улсын Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/123 дугаар тушаал гарч энэ оны 7-р сарын 30-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хүрээнд болон байгаль орчны тухай бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх үүднээс Ховд аймгийн МХГ, Цагдаагийн газар, ОБГ, БОАЖГ, ХУНОУТХГНХЗ, Зооноз өвчин судлалын төв, Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллагуудын дарга нарын баталсан удирдамжаар зарим сумдад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж эхэлсэн байна.
 7 байгууллагын хамтарсан хяналт шалгалт 8-р сарын 16-аас 10-р сарын 1-ны хооронд явагдах юм. Хамтарсан хяналт шалгалтын явцад олон тооны тарвага агнаж, аймгийн төвд худалдан борлуулж байсан иргэнийг олж тогтоон газар дээр нь ажиллажээ. Тус иргэн нь Мөст, Алтай сумаас 17 ширхэг тарвага агнаж гэртээ хадгалан, хууль бусаар худалдан борлуулж байсныг хяналтын явцад илрүүлжээ.
Хяналт шалгалтын явцад илрүүлсэн тарвагыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд шинжилгээнд хамруулж, тарвага бүрийг нас, хүйс, зүйлээр нь ангилж устгах арга хэмжээг авах юм байна. Мөн хориглосон хугацаанд тарвагыг хууль бусаар агнасан иргэнд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох төдийгүй, агнасан тарвага нэг бүрийн үнэлгээг тогтоож эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)