Ховд аймгийн Жаргалант сумын нутгаас 10,000-15,000 жилийн өмнөх үед амьдарч байсан шувууны өндөг олдлоо


  2021 оны 09 дугаар сарын 16-ний өдөр Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр газар шорооны ажил хийж байсан Ховдын өргөө ХХК-ний ажилчид 10,000-15,000 жилийн өмнөх үед хамаарах шувууны өндөг олсон байна. Өнгөрсөн хугацаанд тус өндөгний зургийг палеонтологийн хүрээлэнд хүргүүлж мэдээлсэн бол өндөгний бүрэн бүтэн байдлыг тухайн компани хариуцан хадгалж байгаад мэргэжлийн байгууллагуудад нь хүлээлгэн өгөхөөр болсон байна.

  Мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан таамгаар “Тэмээн хяруул”-ын өндөг хэмээн үзэж байгаа юм.

Тухайн өндөгний өндөр нь 17,3 см, өндөрийн тойрог нь 50,5 см, хэвтээ тойрог нь 45,5 см байна. Монгол улсын тухайд урьд өмнө нь тэмээн хяруулын хагарсан хэд хэдэн өндөг олж бүртгэгдсэн гэж мэдээлж байгаа бол Ховд аймгийн Жаргалант сумын нутгаас олдсон өндөг нь бүтэн байгаа нь судлаачдын анхаарал татаж байна.
Ховд аймгийн Гурван Цэнхэрийн агуйн хадны зосон зурган дээр Тэмээн хяруул шувуу дүрслэгдсэн байдаг бөгөөд ийнхүү тус олдвор олдсоноор Алтайн өндөр уулсын дунд Тэмээн хяруул шувуу амьдарч байсныг палеонтологийн олдвороор батлах боломжтой болж байна.Олдворыг орон нутгийн судлаачид Монголын палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгөх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)