Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн мэргэжлийн салбар зөвлөлүүдийн хурал боллоо

  Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь энэ хичээлийн жилд нийт 32 хөтөлбөрийн дагуу 1300 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бүсийн тэргүүлэх сургууль болох” зорилтынхоо хүрээнд 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай уялдаа холбоотой, хамтран ажиллаж байна.
Үүний зэрэгцээ орон нутгийн салбар зөвлөлийн дэргэд 8 мэргэжлийн салбар зөвлөл байгуулснаар үйл ажиллагаа нь хэдийнээ тогтворжсон байна. Эдгээр зөвлөлөөс 2018 онд “Сантeхникийн мэргэжлийн салбар зөвлөл” нь ажлаараа улсад шилдгээр шалгарч байсан зэрэг сайн туршлага бий.
Иймээс мэргэжлийн салбар зөвлөлүүдийн онцлох ажлыг танилцуулах, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан суралцагчдад мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг болгох зорилгоор Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн Мэргэжлийн салбар зөвлөлүүдийн ээлжит хурлыг энэ сарын 21-23-ны өдөр гурван үе шаттай зохион байгууллаа.



Энэ үеэр хүнс үйлдвэрлэл, үсчин, гоо засал, оёдол ахуй үйлчилгээ болон барилга, уул уурхай, дэд бүтэц, сантехник, гагнуур, мужаан, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй гэсэн 8 мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн саналыг салбар тус бүрээр нээлттэй авсан юм. Улмаар “Ховд түншлэл-2022” зөвлөгөөн зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон цаашдын бусад үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр болсон гэж албаныхан ярьж байна.



Тус үйл ажиллагааны хүрээнд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн удирдлагууд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй 2022 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр тус коллежийн суралцагчид мэргэжлийнхээ дагуу үйлдвэрлэлийн дадлага хийх, туршлага хуримтлуулах, цаашлаад чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж өргөжиж байна.
Бэлтгэсэн: Н. Лхагва




Сэтгэгдэл ( 0)