Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Х. Наранбат, Ү.Одсүрэн нар аймгийн “Аварга малчин өрх”-өөр шалгарч шагналаа гардан авлаа

  Ховд аймгийн төвөөс 80 км, Дуут сумын төвөөс 25 км-ийн зайд Хөхбэлчир багийн Хар богоч хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байгаа малчин Хөөвчийн Наранбат, Үлэмжбуянгийн Одсүрэн нар Ховд аймгийн аварга малчин өрхөөр шалгарч шагналаа гардан авлаа.

 Мал аж ахуйн салбарт 22 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг зориулан яваа туршлагатай малчдын нэг. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэн мал сүргээ төрлөөр нь тэгш дүүрэн өсгөж сүүлийн жилүүдэд тогтмол 600-700 тоо толгой мал тоолуулж байна. Сүргийн бүтцийг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг чухалчлан Баян-Өлгийн Булганаас ухна, Ховд аймгийн Алтай сумаас хуц авч ирж өөрийн сүрэгтээ сайжруулагчаар ашигласнаар малаас авах ашиг шимээ нэмэгдүүлж чаджээ.




  Дуут сумын Хөхбэлчир баг нь 158 өрхийн 575 хүн амтай. Жилийн эцсээр 48,775 мянган мал тоолуулсан төдийгүй 91 багаас ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж тэргүүний баг болсон амжилтаар туулай жилээ угтаж байна. Энэ жил тус багаас аймгийн аварга малчин өрх хоёр, сумын аварга малчин гурав шинээр төрөн гарчээ.

 Малчин Х. Наранбат Нутгийн онцлогт тохируулан Хонин сүргийг давамгайлан өсгөн үржүүлсээр иржээ. Өвсний сөл даган 40-60 км газар жилдээ 4-5 удаа оторлодог байна. Бэлчээрийн даац, өвс ногооны гарцаас шалтгаалан тооноос илүү чанарт анхаарах цаг болсныг тэрээр хэлж байсан. Нэн ялангуяа өргөн уудам нутаг дэвсгэрт тархан байдаг малчдыг хоршоо нөхөрлөлийн журмаар хөдөлмөрийг нь хоршуулж бүтээмжийг нь нэмэгдүүлэх нь малаас авдаг ашиг шим, орлогыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх учир төр засаг, аймаг орон нутгаас нэгдсэн бодлого хөтөлбөр гаргаж малчдаа дэмжин ажиллавал ХАА-н салбараас олох орлого нэмэгдэх бүрэн боломжтойг онцолж байлаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)