Дуут сумын Хөх бэлчир багийн малчин Б.Адарсүрэн, Ч. Болормаа нар аймгийн “Аварга малчин өрх” боллоо

  Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн малчин Бакаагийн Адарсүрэнгийн хот айл сумын төвөөс 7 километрт орших Улаан говийн Цалмын ам хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байна. 2022 онд малчин түмнээ ажил үйлсээрээ манлайлсан шилдэг тэргүүний малчдын нэг болж, аймгийн аварга малчин өрхийн болзол хангасан Дуут сумын 5 аваргын нэг болжээ. Тэрээр мал аж ахуйн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж мал сүргээ 4 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж яваа малчин. Түүний хөдөлмөр зүтгэлийг аймаг орон нутаг, сум багаас өндрөөр үнэлж 2022 оны аймгийн аварга малчин өрх хэмээх эрхэм алдрын эзэн болгосон байна. Аймгийн аварга малчин өрхийн шагналыг гардуулан өгөхөөр ажлын хэсэг хот айлд зочиллоо.
Аймгийн аварга малчин Б. Адарсүрэнгийнх 2022 оны жилийн эцсээр 900 гаруй тоо толгой мал тоолуулжээ. Хонь, үхэр сүргийг голчлон өсгөдөг энэ малчных байгаль цаг уурын хатуу ширүүн уур амьсгалтай газрыг сонгон, зохицон нутагладаг байна. Малын тооноос илүү чанарыг эрхэмлэн илүү нугаламтай хуц, ноолуурын улаан ямаагаар сүргийн бүтцээ сайжруулан ашиг шимийг нь хүртэж явна.
Малчин Б. Адарсүрэн нутгийн залуу малчдаа дэмжин мал маллах арга туршлагаа харамгүй хуваалцахын зэрэгцээ залуу малчдын залгамж халааг тасалдуулчихгүй юмсан гэсэн чин хүслээр малжуулах, ажлын байр бий болгох тал дээр санаачилгатай ажилладаг нэгэн.
Залуу малчдын үлгэр жишээ болсон Б. Адарсүрэнгийн гэргий Ч. Болормаа ажил хөдөлмөрөөрөө олонд танигдсан малч эмэгтэй. Тэрээр мал аж ахуй эрхлэхийн хажуугаар сүү цагаан идээ боловсруулж өрхийн амьжиргаагаа дэмжих, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гээд эзэгтэйн ажлыг нэр төртэй авч яваа мянга мянган малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл. 
Ч. Болормаагийн хувьд багаасаа мал даган өссөн малч удмын залгамж халаа болоод ч тэр үү хэр баргийн ажилд түүртэхгүй, хань нөхрийнхөө үнэнч туслагч найдвартай ар тал болдог учир өнөөдрийн амжилт хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон нь энэ.
Хаврын урь орох хараахан болоогүй ч Б. Адарсүрэнгийн хотонд нялх төлийн дуу хэдийн цангинаж эхэлжээ. Малчин Б. Адарсүрэнгийнх энэ жил бог бод нийлсэн 400 орчим төл хүлээн авна.
Эхний төл 2 сарын эхээр төрсөн бол шагналын хур буусан аварга малчны хотонд өсөн үржихийн бэлгэдэл болсон нялх төл мэндэлсээр байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)