Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Х.Асен, Х. Алманжа нар аймгийн “Аварга тариаланч” боллоо

  Нутгийн ахан дүүс, алдартан, гавьяатууд, хүндэт ахсахалуудаа хоймортоо залж, хөдөлмөр бүтээлээ төр түмэндээ үнэлүүлж байгаа тариаланчдын нэг бол Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Хозайн Асен, түүний гэргий Х. Алманжа нар юм. Буянт голын тунгалаг усаар ундаалж, үржил шимт газрынхаа үр өгөөжийг хүртэж, орон нутгийн хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангасаар ирсэн Х.Асен тариаланчийнх энэ жил Буянт сумаас тодроод байгаа аймгийн аварга тариаланчийн болзол хангасан 4 тариаланчийн нэг.
Гуч орчим жилийнхээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө аймгийн “аварга тариаланч” хэмээх нэр хүндтэй шагналаа гардан авч байгаа баярт мөч нь энэ.
Жилдээ гагаас авах ургацын хэмжээгээ тогтмол нэмэгдүүлж ирсэн төдийгүй сүүлийн жил 1 гагаас 35-40 тонн төмс хураан авдаг. Х. Асен тариаланчийн галла сортын төмс голдуу тариалдаг бөгөөд зах зээлийн хэрэгцээ, эрэлтэд нийцүүлэн бусад хүнсний ногоо, жимс, нарийн ногоог ч мөн тодорхой хэмжээнд тариалж хэрэглэгчдэд нийлүүлсээр иржээ.
Х. Асен тариаланчийнх тухайн жилийнхээ байгаль цаг уурын байдлаас шалтгаалан жил бүрийн тариалалтаа харилцан адилгүй хийдэг гэлээ. Зарим жил 4 сарын 12 -ноос эхлэн үрээ суулгаж эхэлдэг бөгөөд анхны ургацаа 6 сарын сүүлч, долоон сарын эхээр хураан авч хэрэглэгчдэд хүргэдэг байна.

Хүн бүрд өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөл гэж бий. Х. Асен тариаланчийн тухайд орос алимны модыг Ховддоо нутагшуулж, орон нутгийн хэрэглэгчид, дотоодын зах зээлээ эрүүл шүүслэг, амт чанартай алим жимсээр хангах хүсэлтэй. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хэдийн хийж, алимны үр суулгацыг нутагшуулах ажлыг амжилттай туршиж боломж бий гэдгийг нотолж чаджээ.
Хүний хөдөлмөр цаг хугацаа хэмнэсэн техник хэрэгслийн тусламжтайгаар Х. Асен тариаланчийнх хаврын тариалалтаа түүртэлгүй хүндрэл багатай хийдэг бол, намрын ургац хураалтын үеэр 15-30 хүнийг түр ажлын байраар ханган гэрээлэн ажилладаг байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)