Буянт сумын Нарийн гол багийн малчин Н. Сайханбаяр, П. Саранцэцэг нар аймгийн "Аварга малчин өрх" боллоо

  Энэ жил Ховд аймгийн Буянт сумаас аймгийн аварга малчин гурван өрх шалгарсны нэг нь Буянт сумын Нарийн гол багийн малчин Н. Сайханбаяр, П. Саранцэцэг нар юм. Н. Сайнбаярын хот айл аймгийн төвөөс 60 километрийн зайд Баян мод хэмээх газар өнөтэй сайхан өвөлжиж байна. Мал аж ахуйн салбарт 27 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа түүнийг Сар шинийн баярын өмнө Ховд аймгийн аварга малчин өрхөөр шалгаруулснаар аваргын шагналаа гардан авлаа.

Малчин Н. Сайханбаяр нь сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтмол өсгөж байгаа малчин юм. Тэрээр Үзэмчин, Баяд үүлдэр, Дарви сумын Сутай омгийн хуц, Увс аймгийн Өмнөговь сумын улаан ухна, Дорнод, Дорноговь аймгуудаас хурдан удмын азарга, гүү, Сэлэнгэ үүлдрийн бух худалдан авч малынхаа үүлдэр угсааг сайжруулж гарсан төлөөс нь багийн малчин өрхүүдэд өгч багийн малын чанар чансааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа малчин төдийгүй малын эрүүл ахуйн тарилга, туулга угаалгыг цаг тухайд нь хийлгэдэг сумын эрүүл сүрэгтэй малчдын нэг.
Тэрээр мал маллах сонирхолтой нутгийн залуусыг дэргэдээ туслах малчнаар ажилуулан мал маллах арга туршлагаа өвлүүлэн явна.

Малчин Н. Сайханбаяр нь малаас гарах бүтээгдэхүүнээс жилд дунджаар 40-50 сая төгрөгийн орлого олдог бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 20-25 тонн өвс, 0,2 тонн гар тэжээл, 2 тонн хужир шүү бэлтгэдэг байна. Мөн иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн 2020 оноос өнөөг хүртэл 2 сая 900 орчим мянган төгрөгийн татвар төлжээ.
Өгөөж баян нутгийнхаа үр шимийг хүртэж, түмэн олныхоо тус дэмээр өдий зэрэгт хүнсэндээ талархаж явдаг даа хэмээн ярих Н. Сайханбаяр сум орон нутгаас явуулдаг арга хэмжээнд идэвхтэй оролцож жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ургацын баяр, мялаалга наадам, сумын онцгой комисс зэрэг төр болон хувийн хэвшилд тогтмол хандив өргөсөөр ирсэн энхийн төлөө үйлстэн юм.
Малчин Н. Сайханбаяр, П. Саранцэцэг нар 2016 онд сумын сайн малчин болж байсан бол Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилийн босгон дээр Аймгийн аварга малчин өрх болж амжилтаа бататгалаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)