“Хөдөөгийн сэргэлт-залуу малчдын чуулга уулзалт”-нд 17 сумын 200 гаруй залуу малчид оролцож байна
Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Хөдөөгийн сэргэлт-Залуу малчдын чуулга уулзалт” болж байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд болж буй тус үйл ажиллагаанд 17 сумын 200 гаруй залуу малчид оролцож тулгамдаж буй асуудлаа мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран шийдвэрлэхээр чуулж буй нь энэ.
Ховд аймгийн хэмжээнд 8,532 малчин өрхийн 13,819 малчин мал аж ахуйн салбарт ажил хөдөлмөр эрхэлж байна. Насны хувьд 15-34 насны 3614 малчин байгаагаас эрэгтэйчүүд 8,462, эмэгтэй 5,357 байна.
Сүүлийн жилүүдэд уламжлалт мал аж ахуй эрхлэх залуу малчдын тоо цөөрч байгаа талаар дурьдагдах болсон. Энэ нь байгаль цаг уурын өөрчлөлт, ган зуднаас шалтгаалж байгаа хэдий ч жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэйгээр мал маллах эмэгтэйчүүдийн тоо цөөрч байгааг мэргэжлийн байгууллагуудын явуулсан судалгаанд онцолсон байдаг. Ховд аймгийн статистикийн дүн мэдээгээр аймгийн хэмжээнд байгаа 13,819 малчнаас огт гэрлээгүй 3,211 малчин байна гэсэн мэдээлэл гарчээ.
Залуу малчдын өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол 6 настай хүүхдээ дагаж 2 тусдаа өрх үүсгэх асуудал юм. Ингэснээр эрэгтэй малчдын эрүүл мэндийн асуудал, гэр бүлийн таарамжгүй харилцаа, гэр бүл салалт, өрхийн орлого, санхүүгийн байдал зэрэгт шууд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн бэлчээр ашиглалт, малын чанар, ашиг шимийг сайжруулах, малын түүхий эдийг боловсруулах, үнэд хүргэх өрхийн орлого нэмэгдүүлэх зэрэг нийтлэг асуудлууд ч байгааг тэд онцолж байна.
Хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах дээрх арга хэмжээнээс гарсан санал санаачилга, зөвлөмжийг нэгдсэн журмаар боловсруулан аймаг орон нутгийнхаа үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх нь малчдын чуулганаас хүлээгдэж буй үр дүн гэж ойлгож болно.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)