Ховд аймгийн Мянгад сумын адуучин Дэмбэрэлийн Гомбо “Алтан унаганы эзэн”-ээр тодорлоо

ХХААХЯ-наас Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй “Мянгад” адууг 2018 онд албан бие даасан омог болгон баталгажуулсан байдаг. Мянгад адууны онцлог нь Алдсан тарга хүчээ амархан нөхдөг, биологийн хувьд өвөрмөц онцлогтой, сэргэлэн цовоо, чийрэг бие цогцостой байдаг бөгөөд Мянгадын 10 адуу тутмын нэг нь илүү хавирга нугаламтай байдгийг судалгаагаар баталсан байдаг.

 
Таван хошуу малаа таваарлаг сайхан өсгөж, тэр дундаа Мянгад омгийн адуун сүргээ өсгөн үржүүлж, 120-иод гүүнээс 100 гаруй унага төл хүлээн авч, мэнд сайн торниулсан амжилтаараа Алтан унаганы эзэн хэмээх эрхэм алдрын эзэн болсон энэ хүнийг Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн адуучин Дэмбэрэлийн Гомбо гэдэг. Тэрээр 1989 оноос анх мал маллаж эхэлсэн цагаас хойш даруй 30 жилийг ардаа үджээ. 2014 онд Аймгийн аварга малчин болж байсан тэрээр энэ удаад адуун сүргээ амжилттай сайн өсгөн үржүүлсэн амжилтаараа МҮОНР-гийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит Алтан төлийн эзнээр тодорч байна. Алтан унаганы эзний шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр буюу энэ сарын 26-ны билэгт сайн өдөр гардуулан өглөө.


 
Д.Гомбо Алтан унаганы эзэн
Ховд аймгийн Мянгад сумаас хамгийн сүүлд 2009 онд Цагаанбулан багийн малчин Чулууны Гансүх Алтан хурганы эзнээр тодорсон байдаг. Тэр цагаас хойш 10 жилийн турш тасраад байсан Алтан төлийн эзэн ийнхүү Цагаанбулан багаас тодорч байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Алтан унаганы эзэн Гомбынх 230 гаруй адуутай. Жилийн дөрвөн улиралд нүүдэллэн, өвөлдөө Тагалга,хавартаа шар харгана, зундаа Зээрэн нуур орчмоор нутаглаж, 2 туслах адуучин залуугийн хамт адуун сүргээ азарга азаргаар нь таваарлаг сайхан өсгөн үржүүлж байна.



  Ийнхүү МАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт аргыг улам боловсронгуй болгож, хичээнгүй хөдөлмөрлөн, адуун сүргээ унага төлөөр нь тогтвортой өсгөсөн Цагаанбулан багийн Алтан унаганы эзэн шагналаа гардан авлаа. Энэ жил Ховд аймгаас Алтан төлийн эзэн 3 тодорсон бөгөөд Мөст, Дарви сумдаас Алтан хурганы эзэд тодорсон юм.



Бэлтгэсэн: Х. Алтантуяа




Сэтгэгдэл ( 0)