ДӨРГӨН СУМЫН АРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ч. БУЯНЖАРГАЛ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Монгол улсын аварга малчин цол хүртсэн Ч. Буянжаргалынх сумынхаа төвөөс 45-км алсад Чулуун хашаат хэмээх газарт өнөтэй сайхан өвөлжиж байна. Ч. Буянжаргалынх 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 1700 гаруй толгой мал тоолуулжээ.Хонь тэмээ голдуу өсгөн үржүүлж, хоёр ч айл өрхийг туслах малчнаар ажлуулан, сум аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засагт зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа тэргүүний малчдын нэг юм. Ч. Буянжаргал удам дагсан малчин. Түүний аав Чулуун гуай малч ухаан, арга туршлагаараа нутаг усандаа нэр хүндтэй хүн байсан төдийгүй, одоогоос 26 жилийн өмнө энэ буурин дээр аймгийн аварга малчин хэмээх хүндтэй шагналыг хүртэж байжээ. Ч. Буянжаргал гуай өвөг дээдэс аав ээжийнхээ тэр л сайхан малч ухаанаас суралцаж, малч удмаа өвлөн 20 гаруй жил мал малалсан нөр их хөдөлмөрөө төрдөө үнэлүүлэн буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна.
Дөргөн сумынхан Увс, Завхан аймгийн зарим сумдтай хил залгаа нутгалдаг. Манай танай гэлгүй цас зудтай хүнд цаг үед хаяа багтахаараа бууж, хазаарт багтахаараа иднэ гэдэг шиг нутаг сэлгэн урин дулааны цагт отор нүүдэл хийж мал сүргээ тараг тэвээрэг авахуулах нь Ч. Буянжаргал гуайн мал маллах нэг арга туршлага болж байна.
Дөргөн сумынхан 2018 оны жилийн эцсээр 120 гаруй мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 4 төрөл дээрээ 30 гаруй мянган толгойгоор буурчээ.Харин тэмээ 80 гаруй толгойгоор өсөн нэмэгджээ. Байгаль цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд жилийн дөрвөн улиралын турш мал маллана гэдэг амаргүй ажил. Амаргүй бас олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэх дайны амжилт гаргана гэдэг малчин бүрт олдохгүй ховор заяа. Дөргөн сумаас сүүлийн 10 жил улсын аварга малчин төрөөгүй байна. Тодруулбал: Одоогоос 12 жилийн өмнө буюу бас л гахай жилийн сар шинийн босгон дээр улсын аварга малчин төрж байсан бөгөөд олон жилийн дараа ийнхүү улсын аварга малчин төрөн гарсанд Дөргөнчүүд баяртай байна.
Бэлтгэсэн: Х. Алтантуяа
Бэлтгэсэн: Х. Алтантуяа
Сэтгэгдэл ( 0)