ДАРВИ СУМААС ТӨРӨН ГАРСАН АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ НЭГЭЭР ДЭЛГЭР БАГИЙН МАЛЧИН М. ХУГЯБААТАРЫГ ТОДОРЛОО
Ховд аймгийн Дарви сумаас төрөн гарсан аймгийн аварга малчны нэгээр тус сумын Дэлгэр багийн малчин Магваны Хуягбаатарыг нэрлэж байна. Сумын төвөөс 30 км-т орших Хавчигцахир хэмээх газарт өнөтэй сайхан өвөлжиж байгаа энэ хот айл мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, 2018 оны жилийн эцсээр 1500 толгой мал тоолуулж аймгийн аварга малчны болзол ханган шагналаа гардан авлаа. Эцэг өвөгдөөс уламжлагдан ирсэн мал маллагааны арга туршлагаа бусадтай хуваалцан, сүргийн бүтэц ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажилладаг энэ малчных нутгийн ноосны чиглэлийн Сутай омгийн хоныг голчлон өсгөдөг байна. Сутай омог нь зуд, хүйтэнд тэсвэртэй, ноосны гарц чанар сайтай, мах ,сүүний гарцаараа бусад малаас ялгардаг байна. Нэгдэл нийгмийн үед үхэр сүргийг өсгөн хариулж байсан түүнийг нутгийн ахан дүүс “Үхэрчин Хуягаа” хэмээн авгайлдаг. Гэвч тэрээр сүргийн тооноос илүү чанарт анхаарах цаг болсон хэмээн үзэж үүлдэр угсаа сайтай эцэг малаар сүргийн бүтэцээ сайжруулан өндөр ашиг шим хүртэж байгаа нь шинэ залуу малчдад туршлага болоод байна.
М.Хуягбаатар малчных энэ жил 1500 толгой мал тоолуулсан бол хавар мал төллөх үеэр 400-500 төл хүлээн авч сүргийн тоогоо 2000-д хүргэнэ. Гэрийн эзэн эзэгтэй хоёр угаас малч удамтай. Аймгийн аварга малчин болсон М. Хуягбаатарын авга ах Лодойн Гомбо нь аймгийн аварга малчин, авга ах Лодойн Лосол аймгийн хошой аварга болж байсан түүхтэй. Хэзээний ажилсаг хөдөлмөрч, зан ааш сайтай гэдгээрээ нутаг хошуундаа хүндлэгдсээр ирсэн малч удмынхан ийнхүү аваргынхаа түүчээг үргэлжлүүлэн сар шинийн босгон дээр Дарви сумаас төрөн гарсан аваргуудын нэг болж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)