ДАРВИ СУМААС АНХ УДААГАА АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО

  Дарви сумын иргэд хөдөлмөрчид эртнээс нааш үржил шимт хөрсөндөө нутгийн нэрийн хуудас болсон хөх тариаг нутагшуулан тариалж ирсэн түүхтэй. Тус сумын хэмжээнд 30 орчим газар тариаланч эрхлэгч байдаг байна. Нэг үгээр хэлбэл олон жилийн турш газар тариалангийн салбарт хүчин зүтгэж яваа тариаланчид гэж ойлгож болно. Гэвч өнгөрсөн хугацаанд Дарви сумаас аймгийн аварга тариаланч тодорч байсан удаагүй юм. Харин энэ жил га газраас авсан ургацийн хэмжээ, тариалалт, эрүүл хүнсээр сум орон нутгийн иргэдийн хэрэгцээг тогтмол хангаж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлж Дарви сумын Мөрөн багийн тариаланч Соононхүүгийн Уламбаяр Ховд аймгийн аварга тариаланч хэмээх эрхэм алдарын эзэн болж, шагналаа гардан авлаа. С.Уламбаяр тариаланчийн эцэг Соононхүү мал аж ахуйг газар тариалантай хослуулсаар ирсэн арга туршлагаа хүүдээ өвлүүлсэнээр С.Уламбаяр тариаланч 1990 оноос өнөөг хүртэл газар тариалангийн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа нэгэн. Өнөөдрийн гавъяа шагнал нь миний эцгийн надад өвлүүлсэн арга туршлага, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг үнэлсэн шагнал юм хэмээн хэлсэн түүний арга туршлага нутагтаа тэргүүн туршлага болдог байна. Дарви сумын төвөөс 25 км –ийн зайд Хойт гол хэмээх газарт Дарвичуудын газар тариалангийн үржил шимт талбай байдаг. Усалгаатай газар тариаланг хөгжүүлж, га-гаас авах ургацын хэмжээг тогтмол нэмэгдүүлэх зорилт өмнөө тавин ажилласанаар 1 га талбайгаас 30 центр ургац хураан авдаг болжээ. Нэн ялангуяа Сутай сортын тариаг мэргэжлийн байгууллагатай хамтран нутагшуулж экологийн цэвэр хөх тарианы гурилыг нутгийн брэнд болгож чадсан байна. С. Уламбаяр тариаланч хөх тариа тарихын хажуугаар төмс хүнсний ногоо, амтат тарвас тариалж зах зээлд нийлүүлдэг байна. Энэ жил Ховд аймгийн Дарви сум түүхэндээ анх удаагаа хамгийн их буюу 39 тонн тарвас хураан авсан байна.

Тариаланчдын тухайд тарьж ургуулсан тариа ногоогоо чанарыг нь алдагдуулахгүйгээр хурааж нөөцлөх, зарж борлуулах асуудал чухал байдаг. Тэгвэл С. Уламбаяр тариаланч өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан 60 тонны зоорь барьж хураасан тариа ногоогоо хурааж хадгалдаг байна. Харин борлуулалтаа сум орон нутагтаа болон Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад нийлүүлдэг байна. Нэгэнт газар тариалангийн салбарыг сонгон хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа учир тариалалтын талбайгаа арчилж тордох, нутгийн иргэдтэй нийлж хоршоо байгуулан ажиллах зэргээр зах зээлээ улам бүр тэлж, үйл ажиллагаагаа сайжруулсаар байна гэлээ. Энэ ч утгаараа 2017-2018 онд Хөшөөтийн уурхайн Мо-Эн-Ко ХХК-тай хамтран 400 га газрыг торложээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)