ХОВД АЙМГИЙН ДАРВИ СУМААС ТОДОРСОН УЯАЧИД АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧИЙНХАА ЦОЛ ТЭМДЭГИЙГ ГАРДАН АВЛАА

  Дарви сумаас төрөн гарсан аймгийн алдарт уяачдийн нэг бол тус сумын Баянбулаг багийн уяач Давгийн Лувсанжамц юм.Тэрээр аймаг бүсийн наадмаас 13 түрүү 40 гаруй айраг авсан амжилтаараа аймгийн алдарт уяачийн болзол хангаж сар шинийнхээ босгон дээр алдарт уяачийн малгай, залаа, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Нутгийн унаган хурдаа сойж уралдуулах, хүлэг морьдынхоо угшилыг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас азарга тавьсан, мөн улс бүсийн наадмаас 2 аман хүзүү авч 3 айрагдсан алдарт халзан азарганы үр төлөөс азарга тавьсан зэргээр уяач хүнээс шалтгаалах бүхий л эрдэм туршлагаа дайчлан ажилласан нь энэ амжилтанд хүргэжээ. Аймгийн алдарт уяач Д. Лувсанжамц хурдан жороо морьдоороо алдартай. Түүний уяж сойсон жороо морьд нь мөн л аймаг бүсийн наадмуудаас олон амжилт авч нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр иржээ.

Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн уяач Баатархүүгийн Чүлтэмсүрэн нь багаасаа л хурдан морь уяж сойх, уралдуулах сохиролтой малч хүү байжээ. Түүний аав Баатархүү одоогоос найман жилийн өмнө хүүдээ халзан азарга худалдаж авч өгсөнөөр тэрээр хурдан морь уяж сойх эрдэмд шамдан суралцаж олон бахдам амжилтыг сум орон нутагтаа авч ирсэн байдаг. Түүний уяж уралдуулсан хурдан хүлэг морьд аймаг бүсийн наадмаас 20 гаруй айраг түрүү авчээ. Нэн ялангуяа Б. Чүлтэмсүрэн уяачийн “Магнаг халзан” азарга нь аймаг , бүсдээ алдартай хурдан хүлэг болж чадсан байна. Түүний гаргасан амжилт, хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж сар шинийн босгон дээр ийнхүү аймгийн алдарт уяач хэмээх цолыг олголоо.Хурдан хүлэг эзэнээ олж төрдөг гэдэг. Түүний уяж уралдуулж олон амжилтыг хамтдаа авсан алдарт хурдан “Магнаг халзан” азарга нь Дарви нутгийн хурдан хүлэг морьдын сор нь болж, олон амжилтыг эзэн, хийгээд нутагтаа авч ирнэ гэдэгт наадамчин олон итгэдэг байна.


Дарви сумаас сүүлийн жилүүдэд шилдэг залуу уяачид олноор төрөн гарах болсон. Уяач хүний эрдэмийг эзэмшин, уяж сойсон хүлэг морьдынхоо амжилтаар наадамчин олноо баясгасаар ирсэн уяачдын нэг бол Лхагвын Бүрэнтогтох юм. Тэрээр хүүхэд байхаасаа л ах нарыгаа дагаж хурдан морь унаж, бас сойсоор ирсэн нь өнөөдрийн аймгийн алдарт уяачийн амжилтын эхлэл байсан гэлтэй. Залуу уяач Л. Бүрэнтогтох нас насны хүлэг морьдын уяа сойлгыг тааруулан уяж аймаг сум, бүсийн наадамд ажнай хүлгүүдээ хурдлуулан цолны болзол хангасан учир ийнхүү сар шинийн босгон дээр аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртэж байна. Аймгийн алдарт уяач Л. Бүрэнтогтохын аав Лхагва нь МУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин бол түүний өвөө Лхагважав нь мөн л МУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин юм. Эцэг өвгөдөөс уламжлагдсан малч ухаан, монгол уяачдын эрдэм чадлыг уяж хурдлуулсан морьдынхоо амжилтаар бататган яваа Л. Бүрэнтогтох, ах нарынхаа араас аймгийн алдарт уяач хэмээх эрхэм цолыг ийнхүү хүртлээ. Өв залгамжилсан малчин, уяач удамтай энэ хот айлын түүхэнд 2 хөдөлмөрийн баатар 3 алдарт уяач төрөн гарсан нь Дарвичуудын бахархал болж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)