БУЯНТ СУМЫН ТАРИАЛАНЧ Ж. ТҮВШИН-АМАР АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ БОЛЛОО

  Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, залуу үеийг газар тариалан эрхлэх арга ухаанд сургах чиглэлд гаргасан амжилтаараа аймгийн аварга тариаланчийн болзол хангасан Буянт сумын Нарийн гол багийн харъяат Жамсрангийн Түвшин-Амар сар шинийн босгон дээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж аймгийн аварга тариаланчийн шагналаа гардан авлаа. Аймгийн аварга тариаланч Ж. Түвшин-Амар сүүлийн 30 орчим жил газар тариалангийн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан яваа туршлагатай тариаланчдын нэг юм. Түүний аав Л. Жамсран МУ-ын алдарт уяач хүн. Ажил хөдөлмөрөөрөө нутаг усандаа алдартай гэр бүлд өсөж хүмүүжсэн учир хөдөлмөрийн мөн чанар, үр шимийг сайн мэддэг тул Ж.Түвшин-Амар тариаланч зүгээр сууж чаддаггүй гэнэ. Тэрээр Хар усан нуурын хөвөөнд 70-80 га халдангын талбай эзэмшиж, намартаа 150-300 тонн хадлан бэлтгэдэг байна. Хадлангын механикжсан салаа ажилуулан тодорхой тооны хүмүүсийг улирлын чанартай цалинжуулдаг байна.Энэ жил Хар усан нуур тэлээд ус ихтэй байсан учир хадлан харьцангуй бага авчээ. Гэвч 10 мянган прэсс хадлан бэлтгэж чадсан байна.Манай аймгийн хар ус нуур орчимын хадлан тэжээл бусад аймагтай харьцуулахад сөл, тэжээллэг чанар сайтай байдаг учир борлуулалт ч сайн байдаг гэлээ.

Аймгийн аварга тариаланч Ж. Түвшин-Амар хадлан тэжээл бэлтгэхийн зэрэгцээ 3 га газарт төмс хүнсний ногоо тарвас тариалж жилд 60-70 центр ургац хураан авдаг байна. Ховд аймгийн Шинэ Ховд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж агропарк төслийн гол түшиц сум нь Буянт сум юм. Буянтын хуучин тэжээлийн аж ахуйг дахин сэргээх, тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлд аймгийн зүгээс бодлого баримтлан ажиллахаар болоод байгаа. Мөн Буянт суманд услалтын системүүдийг сэргээж тэжээлийн ургамал тариалах, түүнд түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн ажиллах нь аймгийн зүгээс хийхээр төлөвлөж байгаа томоохон ажилуудын нэг болж байна. Эдгээр ажилуудыг амжилттай хэрэгжүүлэхэд тариаланчдын үүрэг оролцоо нэн чухал юм.

Бэлтгэсэн: Админ-эссэ




Сэтгэгдэл ( 0)