ЧАНДМАНЬ СУМЫН БАЯНХАЙРХАН БАГИЙН МАЛЧИН Д. ХОСБАЯР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

  Жаргалант хайрханыхаа хормойд, холбоо гурван нуурынхаа хөвөөгөөр нутагтай Чандмань сумын зон олон Гахай жилийн босгон дээр мал аж ахуйн салбарт хүч хөдөлмөрөөрөө тэргүүлсэн улс аймгийн шинэхэн аварга малчдаа өлгийдөн авсаар байна. Тэдний нэгээр Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Д.Хосбаярыг нэрлэж байна. Анх 1996 онд 200 хүрэхгүй толгой малтай өрх туусгаарлаж байсан энэ айл нь өдгөө аймгийн аварга малчин болтолоо хөдөлмөрлөж сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөөд зогсохгүй, улс орныхоо мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, буян хишгийг нь хүртэж явна. Аймгийн аварга малчин Д.Хосбаяр нь мал маллах арга ухааныг өөрийн ээжээс өвлөж авсан төдийгүй үр хүүхдүүддээ зааж сургаж малчин болгох хүсэлтэй гэдгээ ч хэлж байлаа. Аймгийн аварга малчин болоход сум орон нутагтаа чамгүй ажил хийж бүтээсэн байх ёстой. Тэгвэл Д. Хосбаяр нь сумын хүн эмнэлэг, сургууль дотуур байр, цэцэрлэгт хандив тусламж үзүүлж, сумаас хийж хэрэгжүүлдэг ажлуудыг дэмжин ажилладаг гэдгийг сум орон нутгийн удирлагууд цохон тэмдэглэсэн юм. Энэ жил Чандмань сумын тухайд өвөлжилт хүндхэн байгаа ч зэргэлдээх Увс, Говь-Алтай аймгуудын зарим сумдаар малаа оторлон, малынхаа тоо бус чанарт анхаарч ажилласанаар өвлийг өнөтэй давж байна гэлээ.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)