ЧАНДМАНЬ СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Д. БААТАР 1200 ТОЛГОЙ МАЛ ТООЛУУЛЖ АЙМГИЙН АВАРГЫН БОЛЗОЛ ХАНГАЖЭЭ

  Ховд аймгийн Чандмань сумаас энэ жил аймгийн аварга малчин 5 төрсөн байна. Мал сүргийнхээ тоо, чанарыг чухалчилан үзэж хөдөлмөр гавьяагаа үнэлүүлэн аймгийн аварга хэмээх хүндтэй алдарыг хүртсэн нэгэн бол Чандмань сумын Жаргалант багийн малчин Д. Баатар юм. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж эцэг эхийн малч ухаан, өв эрдэм, ёс уламжлалыг тээн яваа тэрээр 10-р ангиа төгсөөд мал дээр гарчээ. Анх цөөхөн хэдэн малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө 15 жил мал аж ахуйн салбарт хүчин зүтгэсэн туршлагатай малчин болжээ. Тэрээр мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж явна.Аймгийн аварга малчин Д.Баатарын хувьд 2018 оны жилийн эцсээр 1200 толгой мал тоолуулжээ. Тэрээр угаас малч удамтай.Түүний хоёр ах МУ-ын аварга малчин бол мөн нэг ах нь МУСГЗ цол тэмдэг хүртэж нутаг усныхандаа хүндлэгдэж явна.Төр түмэндээ түшигтэй, элгэн нутагтаа нэртэй энэ малч удмынханыг өдий зэрэгт хүрэхэд тэдний эцэг эхийн гавьяа туйлын их байгаа гэдгийг ах дүү аваргууд хуучилан ярьж байсан юм.Мал маллах ухаанд суралцана гэдэг нь мандах нарнаас жаргах наран хүртэл завгүй байхын нэр биш. Харин малд сэтгэлээ зориулан чин зүрхнээсээ хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэхийг хэлнэ хэмээн Д.Баатар аварга онцлож байсан.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)