ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН МАЛЧИН Б.ЗОРИГТ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

  Төрсөн нутгийнхаа уул ус, тэнгэр газрыг шүтэн, буянт мал сүргээсээ арвин хишиг хүртэж яваа залуу малчдын нэг бол Чандмань сумын Урд гол багийн малчин Б.Зоригт юм. Тэрээр бага наснаасаа эхлэн мал маллаж, хөдөө нутагтаа амьдралаа холбосон нэгэн. Анх гэр бүл болохдоо эцэг эхийн зүгээс хөрөнгө болгон таслаж өгсөн хэдэн малаа хариулж, өсгөж үржүүлсээр өдгөө сүрэг малаа 5-н төрөлд өсгөж, 1288 тоо толгой мал тоолуулсанаар аймгийн аварга малчин цолыг хүртээд байна. Жилийн дөрвөн улирлын аль ч үед тохиолдсон байгалийн хүнд бэрхшээлийг даваад гардаг залуу малчины хамгийн том туршлага нь эцэг эхээс өвлөн авсан малч ухаан, малыг чин сэтгэлээсээ дээдэлдэг сэтгэл гэдгийг тэрээр онцлон ярьж байлаа.Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэгчилэн түүний аав хөдөө аж ахуйн салбарт өөрийн ажил амьдралаа зориулсан улсын сайн малчин. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа энэ өрх айлд хүрэлцэн ирсэн нутгийн зон олон үүд сайтай, олноо гэсэн халуун сэтгэлтэй үлгэр жишээ гэр бүл хэмээн ярьж байлаа. Буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, малын тооноос илүүтэй чанарыг эрхэмлэдэг нь аваргын мал маллах арга ухааны нэг онцлог юм.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)